“Мотор”-той хууль Монгол Улсыг татварын хямралд оруулах уу
2013/12/26
Ил, тод нэртэй хэрнээ УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байсан хуулийн төслийн нэг бол алт. “Монгол Улс алтаараа үнэ цэнэтэй болж, Монголбанк шар баялгийнхаа нөөцийг нэмэгдүүлэх боломж энэ хуулийн төслөөр бүрдэнэ” гэдгийг эрх баригчдын зүгээс тулгасан юм.
Гэвч цөөнхийн зүгээс нөөц ашигласны төлбөр болох роялтийн татварыг 2,5 хувь болгон бууруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, Оюутолгойд хөнгөлөлт үзүүлж, хоёр тэрбум төгрөгийг зүгээр бэлэглэх нь Засгийн газрын буруу алхам гэдгийг илчилсэн удаатай. Тиймээс олонхийн зүгээс цөөнхийн бүлгийн хүчтэй шүүмжлэлд дулдуйтаж, энэ хуулийн төслийг буцаачихсан юм. Гэтэл УИХ-аас буцаагаад 10 хоноогүй байхад энэ хуулийн төслийн нэрийг өөрчлөөд оруулж ирж байгааг юу гэх билээ. Нэг үгээр хэлэхэд, энэ хуулийн төслийг унагаачихаад байхад мотортой мэт буцаагаа дахин асаан оруулж ирж байгаа нь олон гишүүнийг гайхшрлын төрүүлээд байгаа нь энэ. Тиймдээ ч УИХ-ын зарим гишүүн үүнийг эсэргүүцэж, лоббинд орсон хуулийн төсөл гэдгийг хүн бүхний чихэнд сонсогдохоор хэлж байгаа юм. Хачирхалтай нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн нэрийдлээр өөрчилсөн нь лоббинд орсон гэдгийг батлах нэг гэрч болсныг Х.Болорчулуун гишүүн ярьж байгаа нь бий.
Оюутолгой компани нь ирэх 2014 онд 692 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, Монголын хамгийн том аж ахуйн нэгж болохоо зарлахаар болсон гэдэг. Нөгөөтэйгүүр баяжмалаасаа 30 орчим тонн алт олборлохоо хэдийнэ мэдэгдсэн. Гэвч энэ алтыг нь Монголбанкинд тушаах бүхий л бололцоог эрх баригчид гаргаж байгаа бололтой. Нэг ёсондоо олонхийн зүгээс Оюутолгойн алтыг нь Монголбанкинд байршуулахад таван жилдээ 50 орчим сая ам.долларын татварын орлого буурах ч гаднаас орох валютын урсгал нэмэгдэнэ гэж үзсэн нь бас л эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, татварын орлогыг тасалдуулж байж алт авах нь Улсын төсөвт ирэх ачаалал улам л нэмэгдэх үндэслэлтэй. Гэтэл үүгээр эдийн засгийг сэнхрүүлэх бүрэн боломж нэгдэнэ гэж байгаа явдал бий. Харин роялтийн татварыг таван жилийн хугацаанд бууруулахад алтнаас үзүүлэх гадаад валютын нөөц жилдээ 10 тэрбум ам.долларын ашигтай байна гэдгийг хууль санаачлагчид сайнаар үзэж байгаа юм. Гэхдээ алт нь Монголбанкинд байршихгүй бол нөөц ашигласны татварыг бууруулчихсан байтал алдагдал хүлээхэнд хэнд хариуцлага тооцох вэ гэдэг нь асуудал хэвээр байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын санхүү, эдийн засгийг хүнд байдлаас гарахын тулд алтаараа сэнхрүүлэх өөр гарц байхгүй болсондоо энэ хуулийг ахин дахин оруулж ирж байгаа явдал буй. Гэтэл олонхи “Тийм зүйл байхгүй, үгүй” гэдэг тайлбар тавьж, гүрийгээд суух нь асуудлыг хүндрүүлж байгаа хэрэг. Бодит байдал дээр 2008-2012 оны хооронд Монголбанкинд алтны тушаалт, худалдан авах байдал буурсан. Харин алдагдсан боломжийг сэргээе гэснээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн гэдэг ч Монголдоо 50 сая доллар ам.долларын татварын алдагдал хүлээлгэж байгаа нь учир дутагдалтай биш гэж үү.
С.МӨНХБАЯСГАЛАН