УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан юм.

Энэ дагуу "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

"Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-д тусгасан 19 зорилтын хүрээнд 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр энэ төлөвлөгөөнд тусгажээ. Ингэхдээ салбарын яам, агентлагийн эрх үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлуудыг ангилан салгаж, зөвхөн Засгийн газрын эрх хэмжээнд шийдвэрлүүлэх шаардлагатай заалтуудыгтөлөвлөгөөнд тусгажээ. Тухайлбал, олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц, протоколуудад нэгдэх, шинээр эрх зүйн зохицуулалт бий болгох, иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд батлах, энэ салбарт татварын хөнгөлөлт үзүүлэх, нөхөн олговор олгох, хөнгөлөлттэй зээл, тусламж олгох зэрэг асуудлууд төлөвлөгөөнд багтсан байна.