Өнгөрсөн зуунд Монголд хөдөлсөн хамгийн хүчтэй газар хөдлөлт бол Увс аймгийн газар нутгийг дамнасан 1905 оны 7-р сарын 9, 23-нд болсон газар хөдлөлт юм. Энэ газар хөдлөлтөөр Увс нуурын өмнөд хэсгээс эхлээд Хан Хөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Их хар ус голын хойд бэл, Тэргэтийн нурууны хойд бэл, Баруун гол, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор газрын хойд хормой, Булнайн нурууг арлан, Тэсийн голын эхийг дайран Сангийн далайн өмнө эрэг хүртэл 500 км урт хагарал үүссэн байна.

Эл хагарал нь 2,3-5,8 метр өргөн, 1-5 метр гүн, зарим хэсэгт 10-100 метр өргөн, 20-60 метр гүн, олон том жижиг ангал үүсч, хүн мал орж сүйдсэн байна. Газар хөдлөлтөөс хойш 2 сарын дараа Оросын эрдэмтэн А.В.Вознесенский ердийн хөсгөөр ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүч 11-12 баллд хүрч, 7 сая ам дөрвөлжин км газар нутгийг хамран доргисон байна гэдэг дүгнэлт хийжээ.

Энэ газар хөдлөлт одоогийн Цэцэрлэг сумын нутагт 2 удаа хүчтэй хөдөлж, Буянтын нурууны ар, Хул азаргын нурууны өврөөр их бага хагарал үүссэн байна. Газар хөдлөлт нь үдийн алдад болжээ. Газар дүнгэнэн дуугарч байснаа уулнаас чулуу нурж, гол, жижиг нуурын ус цацагдан, уулын мод үндсээрээ суга цацагдан ханаран ойчиж байжээ. Газар хөдлөлтийн улмаас хуучин байсан булаг шанд алга болж зарим газар шинээр гарсан байна. 1905 оны газар хөдлөлт хүчтэй байсан боловч хагаралт үүссэн газар ойн амьтан цөөн, суурин газар байгаагүйгээс эвдрэл сүйрэл бага гарсан байна. Эрдэмтэн А.В.Вознесенскийн мэдээлж байгаагаар "Тэсийн хүрээнд 2 шавар байшин нурж, 30 орчим жижиг дуган модон байшинд гэмтэл учирч, Алтан Хөхийн нуруунд байсан 3 нуурын 2 нь алга болжээ" гэж бичжээ.

Булнайн нурууны арын хагарлын үеэр хонь хариулж явсан айлын хүү хоньтойгоо орчихсон. Хэдэн хоног хагарлын гүнээс хонь майлах дуу гарч байсан гэж настай хүмүүс ярьж байсан гэдэг. Аймгийн нутаг дэвсгэр бүхэлдээ 7-8 баллын газар хөдлөлтөд оршдгийг эрдэмтэд судалж тогтоосон байна.  Цэцэрлэг сумын нутаг газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ордог байна. Тус сумын нутагт 1957, 1989 онд газарт хөдлөлт болж байсан байна.