Дэлхийн санхүүгийн ертөнцийн талаар бичдэг Японы "Никкей" сонинд 2017 оны 11 дүгээр сарын 29-нд буюу өнөөдөр гарсан Монголын тухай нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

ТОКИО. /Никкей/. Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь Монголын эдийн засгийн хямрал нэг л зүйлийг нотлон харууллаа. Юу вэ гэж үү? Эдийн засаг хямарсан ч Монголд ухаалаг гар утасны борлуулалт буурахгүй гэдгийг нотоллоо.

 

Зүүн Азийн Монгол Улс нь эдийн засгийн хувьд хөдөө ажуй болон уул уурхайн салбараас өөр тэр гээд хэлчихмээр томоохон салбар байхгүй гэхэд хилсдэхгүй ч гурван сая хүн нь бараг бүгд, зарим нь хэд хэдэн гар утастай байна. Тус улсын эдийн засаг хямарч, 2016 онд эдийн засгийн өсөлт нь ердөө 1.2 хувь болж буурсан ч гар утасны борлуулалт, тэр дундаа ухаалаг гар утасны борлуулалт нэмэгдсээр байна.

 

Ухаалаг гар утасны борлуулалтаас үр өгөөж хүртэгчдийн нэг бол Японы “Кэй-Ди-Ди-Ай” компани. Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани нь Монголын үүрэн холбооны хамгийн том оператор болох “Мобиком” хэмээх охин компаниараа дамжуулан ашиг хүртсээр байна.

 

“Мобиком” корпораци нь Монголын үүрэн холбооны зах зээлийн хувьцааны 40 хувийг дангаараа эзэлдэг юм.Тус компанийн ерөнхий захирал Тацүяа Хамада өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Никкей”-д ярилцлага өгөхдөө “Эдийн засгийн хүнд хэцүү цаг үед ч гэсэн Монголд гар утасны борлуулалт болоод гар утасны бусад үйлчилгээ өргөжин тэлж байна. 2018-2019 онд Монголын эдийн засаг сэргэвэл гар утасны үйлчилгээ, ухаалаг гар утасны борлуулалт улам бүр өсөн нэмэгдэнэ гэж бид үзэж байна. Гар утас хэрэглэгчдийн тоо болоод гар утасны борлуулалт сайн байгаа нь Монгол Улс харьцангуй залуу хүн амтайтай салшгүй холбоотой. Япончуудын дундаж наслалт  46 бол монголчуудынх 27” гэж ярив.

 

 

 

/"Мобиком" корпорацийн ерөнхий захирал Тацүяа Хамада/

 

Хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс

 

Монгол нь Японоос бараг дөрөв дахин том газар нутагтай ч хүн амынхаа тоогоор дэлхийд 140 дүгээрт жагсдаг. Өөрөөр хэлбэл, Монгол нь дэлхийн хүн ам хамгийн сийрэг суурьшсан улс юм.

 

Өнөөдөр Монголын малчид хүртэл гар утас ашигладаг болоод байна. 2016 оны байдлаар, Монголын суурин утас хэрэглэгчдийн тоо ердөө 257 мянга  байв. Энэ нь гар утас хэрэглэгчдийн 8 хүрэхгүй хувьтай тэнцэж байна. 

 

Монголын эдийн засгийн хөгжлийн түвшин Японыхоос доогуур ч монголчууд аливаа шинэ технологийг хүлээж авахдаа хэзээд нээлттэй байдаг. Олон улсын валютын сангийн /ОУВС/ мэдэгдсэнээр, монгол хүний жилийн дундаж орлого япон хүний жилийн дундаж орлогын аравны нэг хувиас ч бага буюу 3700 ам.доллар юм.  

 

“Мобиком” корпорацийн ерөнхий захирал, ноён Т.Хамадагийн ярьснаар, Монгол нь жижиг эдийн засагтай улс хэдий ч гар утасны үйлчилгээгээрээ Японоос ердөө 4-5 жилээр хоцорч явна.

 

“Мобиком” үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хэрэглэгчдэдээ бичил зээлийн үйлчилгээ санал болгож байна. Тодруулбал, банкинд хандах боломжгүй, яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан хүмүүс гар утсаараа тус компаниас 50-100 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг зээлээр авах боломжтой юм.

 

Эдийн засгийн сэргэлт

 

Өнгөрсөн онд 1.2 хувиар өссөн Монголын эдийн засаг энэ онд 4 гаруй хувиар өсөх төлөвтэй байна гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгджээ.

 

Монгол нь байгалийн баялаг ихтэй хэдий ч нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын экспортоос хэт хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, Монгол нь ашигт малтмалын зах зээлийн уналт-өсөлтийн мөчлөгт өртөмтгий орон юм.

 

2011-2013 онд тус улс руу гадаадын хөрөнгө оруулагчид хошуурч, эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өсөж байв.  Гэвч түүхий эдийн үнийн уналтын “супер мөчлөг”-тэй зэрэгцээд Хятадын эдийн засгийн хурд саарч эхэлсэн нь Монголын гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ий 132 хувьтай тэнцэхэд хүргэжээ.

 

ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон донор орнууд, тухайлбал Япон улс эдийн засгийн хямралаас гарахад нь туслахаар Монголд 5.5 тэрбум ам.доллорын тусламж үзүүлэх шийдвэрийг энэ оны тавдугаар сард гаргасан. Энэ нь Монголын эдийн засгийн бараг 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.

 

ОУВС-гийн хараа хяналт дор Монголын эдийн засаг дахин хөл дээрэ босож эхэлж байна. Монголын эдийн засаг сэргэхэд дэлхийн эдийн засгийн сэргэлт ч тус нэмэр болж байна. Гэхдээ ОУВС-гийн мэдэгдсэнээр, тус улсыг хараа хяналтгүйгээр орхиход хэтэрхий эрт байна.

 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакер өнгөрсөн баасан гарагт Токио хотноо болсон нэгэн симпозиумын үеэр үг хэлэхдээ “Хятад улс зарим нүүрсний уурхайн үйл ажиллагаагаа саяхан зогсоож, НҮБ Умард Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон зэрэг нь Монголын нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлж байна. Энэ бол Монголын хувьд алдаж болшгүй завшаан юм"  гэжээ.

 

Гэхдээ Монгол Улс аялал жуулчлал, тээврийн салбарыг хөгжүүлэх зэргээр эдийн засгаа солонгоруулж, банкны салбартаа шинэчлэл хийж, инфляцийг бүрэн хяналтандаа байлгаж, эцэст нь дэлхийн зах зээлд дэх ашигт малтмалын үнийн өсөлт-уналтын мөчлөгийн нөлөөнд автдаггүй болоход багагүй хугацаа орохоор байна гэж Н.Сакер ярьжээ.

 

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг