Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай зөвлөмжийг шинэ он гарахын өмнөхөн буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр ҮАБЗ-өөс гаргасан билээ. ҮАБЗ-ийн зөвлөмж нь Монгол төрийн дээд түвшинд зөвлөлдөх хэмжээнд зөвшилцөж гаргасан баримт бичиг юм. Уг зөвлөмжид тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагыг ажил хэрэг болгох, шууд ардчилал-иргэдийн оролцоог гүнзгийрүүлэх чиглэлээр эхний ээлжинд нэн тэргүүнд боловсруулсан гурван хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг  өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд явууллаа.

Шилэн дансны тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай, Төрийн сонгогдсон болон зарим томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар хийсэн юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж “Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төрийн зарчмуудыг тодорхойлохдоо төрийн бодлого, шийдвэрийг нэн тэргүүнд судалгаанд суурилж гаргадаг байх ёстой. Иргэдэд үйлчлэхэд чиглэсэн байх ёстой. Аль болох хүнээс хамаарал багатай, орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг ашигладаг байх ёстой. Төр хуулиа дээдлэх ёстой. Ямар ч төрийн өндөр албан тушаалтан, ямар ч байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явж, хуулийг дээдлэх ёстой. Төр өөрөө хариуцлага хүлээж чаддаг байх ёстой” гэсний дагуу эдгээр хуулийн төслүүдийг боловсруулаад байна” гэлээ.

Хуулийн төслүүдээр Засгийн газраас маргааш санал авч, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны анхны зарлигаараа төсөв хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг ил тод болгохыг Засгийн газарт чиглэл болгосон юм. Уг зарлигийн үргэлжлэл болгож Шилэн дансны  тухай хуулийг баталснаар төсвийн ерөнхийлөн захирагчдыг хариуцлагажуулж, төсвийн мөнгө, хөрөнгийн зарцуулалт иргэдэд “шилэн аяганд хийсэн ус мэт” ил тод харагдах болно гэдгийг тэрээр тайлбарлав. Уг хуулийн төсөлд төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлангийн үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Иргэддээ төдийгүй олон улсын түвшинд ч Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр хангалттай байр эзэлж чадахгүй байгаа ажээ. Тухайлбал, Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас эрхлэн гаргадаг Төсвийн ил тод байдлын 2012 оны судалгаагаар Монгол Улс нийт 100 оноо авахаас 51 оноотойгоор дэлхийн 100 орноос 38 дугаар байр буюу дунд түвшинд явж байгаа гэжээ.

Төсөл санаачлагчид улс, орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлан болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа цогц байдлаар олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Шилэн дансны тухай хуультай болсноор төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэх юм. Мөн татвар төлөгчдийн хөрөнгө, төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулдаг байдал багасч, авилга, хээл хахуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх боломжтой аж. Үүнээс гадна төсвийн тухай мэдээлэл нь судалгаа, шинжилгээний эргэлтэд орж, төсөв, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж боловсронгуй болоход ач холбогдолтой гэж үзсэн байна.

Төсөв ил тод болоход мэдээлэл хамгийн чухал. Иймээс Төсвийн тухай мэдээллийг 10 хоног, төсвийн жилийн гүйцэтгэлийн тухай мэдээллийг 10 хоног, сарын гүйцэтгэлийг тав хоног, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг 10 хоног, мөнгөн гүйлгээ болон бонд, зээл, өрийн бичгийн тухай мэдээллийг 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгажээ. Төсвийн ил тод байдалд иргэдийн аудит, төрийн аудитын байгууллага хяналт тавьж байхаар хуулийн төсөлд оруулсан байна.