Сахуу татрангийн вакцинд хамрагдсан долоон настай Н.Энхбилэг охин өдгөө хэлгүй болж, хуруугаа тайруулан эмнэлэгт өвчин шаналалдаа уйлж өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн охины аав Д.Намжилдорж сэтгүүлчдэд хандлаа. Тодруулбал, өнгөрсөн 2013 оны аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн төвийн IV сургуулийн 2а ангийн сурагчдад сахуу татрангийн вакцин хийсэн аж. Хичээл тарахад тус ангийн сурагч Н.Энхбилэг "Вакцин хийхэд гар маш их өвдсөн. Гар өвдөөд байна гэж хэлсэн ч сургуулийн эмч тоогоогүй" гэсээр гэртээ маш хүнд байдалтай уйлсаар иржээ. Гэрийхэн нь үзтэл вакцин хийсэн хэсэгт улайж үрэвссэн байжээ. “Тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь хэл ам бадайраад дотор муухайраад байна гээд унд цайгаа ч ууж чадахгүй байсан. Харин одоо хэл нь үхжиж харлаад, юм ярьж чадахаа больсон. Мөн явж чадахгүй байгаа. Охины маань биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байна” гэж түүний аав Д.Намжилдорж ярьсан юм.

Тэд харамсалтай нь охиноо гайгүй болох байх гэж найдаж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан байна. Залгаад хагас бүтэн сайн өдөр таарсан тул дөрөв хоногийн дараа буюу даваа гарагт өрхийн эмнэлэг дээр охиноо аваад очжээ. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарынх нь булчин тэр аяараа хавдаж, хүрэндээд нил бэрсүү үүссэн гэнэ. Мөн хэл нь бамбайж, хүрэнтсэн байжээ. Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, нэг эм өгөөд, амыг нь зайлж өгөөд явуулжээ.

Гэлээ ч тэр шөнөдөө охины гар улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн аж. Өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход "Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз" гэсний дагуу тэр хүнтэй уулзжээ. Гэтэл шууд л тэр хүн нь "Вакцинаас болоогүй, вакцин найдвартай" гээд халгаагаагүй байна. Бүр үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж "Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай..." гэх мэтээр ёс бус аашилсан байгаа юм.

Ингээд тэр эмчийн зөвлөсний дагаа Чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхэд "Вакцины харшил болсон байна" гээд харшлын эм бичиж өгчээ. Эмийг нь уусан ч охин нь бүр дорджээ. Аргаа бараад хүүхдийн эмчид үзүүлэхэд мөн л "Вакцинаас болжээ" гээд хэвтүүлж эмчлэхээр болсон гэв. Эмнэлэгт хэвтэж байх хооронд Цэрэнханд гэх мэргэжилтэн өөрийгөө хамгаалахын тулд тэдэнд хавчлага үзүүлж, "Манай вакцинаас ийм зүйл болох ёсгүй. Энэ хүүхдийг энд биш халдвартын эмнэлэгт хэвтүүлэхгүй юм уу. Танай хүүхэд л сахуу татрантай" гэх мэтээр дарамталж эхэлжээ.

Энэ хооронд охины бие улам дордсоор байсан тул сургуулийнх нь эмч н.Дуламсүрэн, Өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нарыг дуудан ирж харуулаад чухам хэн нь тариа хийснийг асуужээ. Даваа гэдэг сувилагч вакцин хийсэн гэдгээ хэлж. Вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч "Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй" гээд бултсан байна.

Хариуцах хүнгүй үлдэж, аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд "Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал" гэсэн оноштойгоор хэвтэн гурван сарын нүүр үзжээ.

Гэлээ ч охины бие сайжирсангүй. Юм идэж чадахгүй зовиурладаг. Хэл яриа нь муудаж, бэрхшээлтэй болж эхэлсэн. Өмнө нь зүгээр явдаг байсан бол одоо явж чадахаа больж байгаа гэнэ. Мөн баруун, зүүн хоёр гарынх нь эрхий хуруу хоёулаа үхжиж, одоо тайруулахаас өөр аргагүй болоод байгаа аж. Иймд Н.Энхбилэг охины аав Д.Намжилдорж Төрийн гурван өндөрлөг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт хандлаа.

Тэрбээр Төрийн гурван өндөрлөгөөс мөнгө төгрөг хүссэнгүй, харин "охиныг маань хаана эмчилж болох газрыг олж өгч туслаач" хэмээн хүсэж байгаа юм.

 Охиныг Монголд тохиолдож байгаагүй ховор өвчин туссан гэжээ

Дээрх мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард гарах үед Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Н.Энхбилэг охиныг сахуу татрангийн вакцин хийлгэснээс бус синдромом Стивенса Джонса гэх саяд нэг удаа тохиолдох ховор өвчин туссан гэх дүгнэлтэд гаргажээ. Харин Н.Энхбилэг охины эцэг, эх дээрх дүгнэлтийг эрс эсэргүүцэж байгаа аж. Учир нь хичээлдээ эрүүл, саруул явсан охин нь сургууль дээрээ вакцин хийлгэсний маргаашнаас хөдөлгөөн нь багасч, хэл нь харлаж хавдаад амандаа багтахааргүй болж, гарынх нь хэсэг газар болон хуруунуудад нь эд, эсийн үхжилт явагдаж эхэлсэн гэнэ.  Охиныхоо ийм болсныг вакцин хийсэн эмч, сувилагч нарт нь хэлэхэд "Вакцинаас болоогүй. Танай охин чинь ямар нэгэн суурь өвчинтэй л байсан юм байлгүй", “Бид хийх ёстой тариагаа л хийсэн. Надад хамаагүй" гэжээ.

Х.Даваа