Н.Алтанхуяг: Хүн халахгүйгээр төрийн үйлчилгээг түргэтгэнэ
2014/01/03
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй “30 минут” уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа болон бодлого, шийдвэрээ танилцуулдаг уламжлалтай.
Тэрбээр өчигдөр энэ оны анхны уулзалтаа хийсэн бөгөөд “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөр үйлдвэржилтийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх болсон тухайгаа танилцуулсан.
Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас сонирхсон асуултдаа хариулт
авсан юм.
-Энэ оны төсөвт тодотгол хийхдээ царцаасан хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг гэсгээх боломжтой вэ?
-УИХ ирэх сард завсарлах байх. Тиймээс бид төсвийн тодотголоо энэ сардаа багтаах учиртай. Авлигажсан төсөв гэдгээс үүдэлтэйгээр 260 орчим тэрбум төгрөгийн объектын хөрөнгө оруулалтыг царцаасан. Анхны төсвөөсөө хэд дахин өсчихсөн тэдгээр барилгад одоо аудитын шалгалт хийгдэж байгаа.
Ингээд аль нь боломжийн өсөлттэй, аль нь төсвөө хэт өсгөсөн юм бэ гэдгийг тогтоох юм. Уг нь энэ сарын 10-ны өдөр гэж байсан ч хараахан дуусаагүй гэсэн. Тэд шалгаж дуусаад Засгийн газарт танилцуулахаар бид барилгуудаас үргэлжлүүлэх эсвэл зарах асуудлуудыг шийдвэрлэнэ.
-Алтны ил тод байдлын тухай хууль УИХ-ын чуулганы үеэр унасан. Гэвч Ашигт малтмалын тухай хууль хэмээн нэрийг нь өөрчлөөд оруулаад ирлээ. Бие даагч гишүүдийн зүгээс гадныхны лобби орсон гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас Алтны ил тод байдлын тухай хуулийг оруулсан. Гэвч чуулган дээр гишүүд ийм тусдаа хууль байх шаардлагагүй, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэсэн юм. Тэгж өргөн барьсан хуулийн төслийг одоо хэлэлцэж байгаа. Зарчмын том өөрчлөлт ороогүй.
Хүмүүсийн яриад байгаа шиг лобби гэх зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ чинь бидний л эх орон шүү дээ.
Бид алтаа их хэмжээгээр олборлож байгаа. Гэтэл үүнийгээ гадаад руу худалдаад, өнгөрсөн оных шиг 303 сая ам.доллар олох уу. Эсвэл Монголбанкинд худалдаад, Төв банкинд нөөц бий болгох уу гэдгийг тооцох хэрэгтэй.
Энэ хууль бол “Та олборлосон алтаа гадаадад биш, Монголбанкинд худалдвал бага татвар авна” гэж байгаа. Энд буруу асуудал байхгүй. Харин ч Төв банкинд алт их хэмжээгээр байвал манай улсын валютын нөөц нэмэгдэж байна л гэсэн үг.
-Гэхдээ аж ахуйн нэгжүүд тушаасан алтныхаа төлбөрийг валют болгоод гаргаад байвал ямар ч ялгаагүй биз дээ?
-Засгийн газар болон Монголбанкны удирдлагуудтай энэ талаар ярилцсан. Монголбанкинд алтаа худалдсан тохиолдолд урамшуулал болохуйц хууль баталчихвал манай алт нутагтаа үлдэх боломжтой. Хөрш орнуудтай харьцуулахад манай улс алтнаас татвар их авдаг. Тиймээс л гадагшаа чиглэсэн урсгал бий болчихоод байгаа юм.
-Гадаадаас 100 мянган тонн улаан буудай авах тухай яригдаж байна. Мэдээж бас л татварын хөнгөлөлт үзүүлэх гэнэ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-ҮХАА-н сайд Х.Баттулга тэр улаан буудайг нөөц бүрдүүлэх юм гэж УИХ дээр маш сайн тайлбарласан.
-Том төрөөс ухаалаг төр рүү гэх боллоо. Тиймээс төр жижгэрч, энэ онд цомхотгол нэлээд хийх байх гэсэн айдас төрийн албаныханд байна?
-Бид шууд цомхотгоно гэхээсээ өмнө иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн түргэн шуурхай хүргэдэг болох вэ гэдгийг судалдаг. Жишээлбэл ТҮЦ машин төрийн албан хаагчийн ажлыг хийчихээд байгаа бол тухайн хүнд нь өөр ажил өгөх зэргээр ярилцана шүү дээ.
-Тендер байнга хэл ам таталж, авлига дагуулдаг гэдэг. Тэгвэл үйлдвэржилтийн төслүүдийг хэрхэн шалгаруулах юм бол. Шударга явагдаж чадах болов уу?
-Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд ил тод, нээлттэй байдалд маш их ач холбогдол өгч ажилласан. Үр дүнд чөтгөрийн тоо цөөрсөн гэдэг шиг нууж, хаах асуудал нэлээд багассан. Тиймээс үйлдвэржилтийг дэмжих төсөлд ирүүлж буй төслүүдийг шаардлагатай бол шат шатанд нь ил тод байдлаар шалгаруулна.
-О.Баасанхүү гишүүн та хоёр сайд нарыг огцруулах асуудал эмнэлгийн барилгын зориулалт хоёроор тохироо хийсэн тухай яригдах боллоо. Ямар учиртай юм бэ?
-О.Баасанхүү гишүүн бид хоёр тохироо хийгээгүй.
-Та тухайн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглахыг дэмжинэ гэж амласан гэсэн?
-Би “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцсон. Тэр үед О.Баасанхүү гишүүн эмнэлгийн барилгын асуудал ярьсан. Миний хувьд “Зориулалтаар нь ашиглах тухай асуудлыг судалъя” гэж л хэлсэн.
Бид хоёр эмнэлгүүдийг нийлүүлж, цэргийн госпитальд аваачсанд санал нэгдэж байгаа. Харин Төрийн ордны хажуугийн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах эсэхийг судална л гэсэн.
Зочин · 2014/02/10
OLON Hun ajlaas ni ha lchi haad ene mun hu tsav aa kkkk
Зочин · 2014/02/10
Zunduu Hun ajlaas ni h****ad ni gar bie oroltschihood ene TENEG mun ****av aa