Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-д өнөөдөр хүргүүлсэн. Энэ талаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.

-Агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг Та УИХ-д хүргүүллээ. Яагаад ийм санал гаргах болов?

-Би 2010 онд Барилга, хот байгуулалтын сайд байхдаа утааг цогцоор нь шийдвэрлэх боломж байна гэдгийг судалж байсан. Энэ нь юу байсан гэвэл, байгалийн баялгаа судалж, баялгийнхаа хоёр хувиар мөнгө босгон хөдөөг хөгжүүлэх замаар хот руу чиглэсэн урсгалыг зогсоох талаар байсан. Хөдөө орон нутаг хүн амьдрах таатай орчинтой, малаас гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой юм. Харин хотын тухайд, дагуул хотуудыг бий болгож, шилжүүлэх гэсэн цогц шийдэлтэй “Хоёр хувь” гэсэн 17 минутын танилцуулга хийж байсан. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух гэх мэтээр мөн хэрэглүүлсэн. Энийг бүгд мэдэж байгаа.

Миний бие Ерөнхийлөгч болсныхоо дараахан буюу 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь хэнд ч очоогүй. Одоогоос 1 жилийн өмнө 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаад НЗД болон бусад яаманд хүргүүлсэн. Энэ төлөвлөгөөг өнөөдөр харахад зөвхөн 6300 айлыг л тогтой холбосон гэсэн мэдээлэл байна. Энд дахиад л мөнгө идэх аргууд орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км автозам барьж, коксжих нүүрсээр иргэдийг хангана гэд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй. Гэтэл коксжих нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй.

Асуудал гараад байх тусам мөнгө зардаг. Мөнгө зарах тусам бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс иргэдэд зовлон болж буй зүйл дээр тоглодог зүйл дахиад давтагдсаар байна. Иймд Тиймээс агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд судалж шийдвэрлэхийг яаралтай хүсье гэсэн саналыг өнөөдөр хүргүүллээ. Үндсэн хуулийн 25.2-т зааснаар УИХ Онц байдал зарлах эрхтэй. Тиймээс УИХ өнөө, маргаашгүй хэлэлцэж Онц байдал зарлах эсэхийг шийднэ байх.

-Онц байдал зарласнаар ямар шийдэлд хүрэх вэ? Монгол хүний удмын санд утаа нөлөөлж байна. 140 ортой хүүхдийн эмнэлэгт 240 хүүхэд хэвтэж байгаа. Харин гадаадын улс орнуудад утаанаасаа салсан туршлагууд байгаа. Таны дэвшүүлж байгаа гаргалгаа, санал юу вэ?

-Эцэг эхчүүдээс агаарын бохирдол, утаатай холбогдуулан болон эмнэлгийн орны хүрэлцээ маш хангалтгүй байгаа талаар олон гомдол санал ирж байгаа. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд эмнэлгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байгаа. Үүнээс гарахын тулд Цэргийн эмнэлэг, ТТАХНЭ-ийг дайчлан шийдэл гаргасан. Энэ эмнэлгүүдэд дөрөвдүгээр сар хүртэл хүүхэд авахыг зөвлөсөн саналыг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. 

Миний дэвшүүлж байгаа саналууд маш тодорхой. Барилга хот байгуулалтын сайд байхад утаанаас салах гаргалгаа судлах үүргийг надад ҮАБЗ-өөс өгсөн. Улс орнуудад утаанаас салсан туршлага бий. Жишээ нь Куала лампур засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан, Сөүл, Турк гээд олон туршлагаас авч болно. Тэгэхээр Засаг захиргааны нэгжүүд, ЭСЯ-д, их сургуулиуд, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагуудыг хотоос гаргах ёстой. Энэ шийдвэрийг яаралтай гаргаж, хавраас ажилдаа орох хэрэгтэй. Ингээд гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангаж, орон сууц барих ажилд оруулж, эргүүлээд орон сууцны зээлд хамруулж болно. Нэн яаралтай хийх зүйл гэвэл 2018 онд баригдаж дуусах 80 мянга орчим орон сууц байна. Үүнээс 3600 орчим нь ашиглалтад орчихсон, ус дулаанаа авчихсан байна. Хөдөө бас байна. Үүнийг төрийн албаны үйлчилгээний ажилдад цалингаар нь барьцаалан олгож болно. Энэ хэмжээгээр яндан багасна. Энэ мэтчилэн шийдлүүд байна. Үүнийг холбогдох яамдуудтай ярилцаад зөвшилцөлд хүрч байгаа. Гэхдээ энэ саналуудыг Ерөнхийлөгч болсон хойноо ярьж байгаа юм биш. 2010 оноос эхэлж ярьсан.

-Онц байдал зарлах бэлэн бус байна гэсэн асуудал бас гарч байна л даа. Онц байдал зарлах нь нэг талаас зөв ч нөгөө талаас улс, хотын нэр хүндэд нөлөөлнө гэх мэт сөрөг тал бий байх?

-Иргэдээс ирж байгаа гомдол саналыг үндэслээд Ерөнхийлөгч УИХ-д саналаа өгч байгаа юм. УИХ-д эрх нь байгаа. УИХ хэлэлцээд онц байдал зарлах хэмжээнд хүрсэн үгүйг хэлэлцэж шийднэ. Сая УИХ-нд чуулганд С.Бямбацогт гишүүн утаатай нам гэхгүй тэмцэж ялъя гэсэн. Энэ бол зөв. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн мөн утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа, энэ эздийг АТГ шалгаач гэж маш тодорхой санал хэлж байна. Энэ бол эзэнтэй, шийдвэр гаргасан хүнтэй асуудал. Тиймээс утаа нь багасаагүй учир мөнгийг нь буцааж авч, эргэн зарцуулах эрүүл саналууд гишүүдээс гарч байна. 

-Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлын талаар та байр сууриа хэлээч?

-Солонгосын хойгийн асуудлаар дэлхий дахинд яригдаж байгаа. Өмнөд Солонгост манай 40 гаруй мянган иргэн амьдарч байна. Энэ асуудалд дипломат ёсыг бодсон ч, иргэдээ бодсон ч цэргийн цолтой, тушаал биелүүлдэг хүн тавигдах юм болов уу гэсэн бодлоор зөвшилцсөн. Ерөнхий сайдад саналаа хэлээд УИХ-д оруулж байх үед янз бүрийн асуудал гарсан. УИХ-ын гишүүд буюу бүрэн эрхтэй гишүүд болон байнгын хорооны хуралдаанд янз бүрийн асуудлыг сөхөж тавьсан. Энэ бол хуулиар хориотой. Тиймээс энэ үүссэн асуудлыг нухацтай ярилцах зорилгоор түр түдгэлзүүлсэн байгаа.

 

 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг