Шинэ он гарахтай зэрэгцэн шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн яриа иргэдийн дунд ихээр тарж, бензинээ нөөцлөөд аваарай хэмээн олон нийтийн сайтаар тарж байсан.

Он гаран долоон татвар нэмэгдсэн бөгөөд үүний нэг нь шатахууны гаалийн онцогой албан татвар юм. Харин салбар хариуцсан яамны сайд болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өмнө нь "ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Шатахууны гаалийн онцгой албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон. Сэргээн тогтоохдоо 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон. Ирэх онд бол онцгой албан татвар дахин нэмэгдэхгүй" гэж тайлбарлаж байсан.

Тэгвэл оны дараахан Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар тайлбар хийж, ОХУ-д бензин шатахууны үнэ нэмэгдсэн учир манай улсад ч үнэ нэмэгдэх зайлшгүй шаардлагатай хэмээн хэлсэн билээ. Ямартаа ч бензиний үнэ нэмэгдэх нь тодорхой болсон бөгөөд харин хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь өдийг хүртэл тодорхой бус байгаа. 

Сүүлийн хэдэн өдрүүдэд ШТС-ууд үе үе АИ-92 бензин байхгүй, худалдаалахгүй байна гэх гомдол иргэдээс их ирж байгаа билээ.  2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй  байв.

АИ-80 автобензин 68, АИ-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын зүгээс шатахуун импортдоо бага зэргийн хязгаарлалт тавьсан. Гэсэн хэдий ч нөөцийн хувьд харьцангуй тогтмол үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс тодотгож байсан.