Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Хятадад хийх айлчлалын үеэр нисэх онгоц үйлдвэрлэгч “Эйрбас”  компани 100-гаар тогтохгүй тооны нисэх онгоцыг Хятадад борлуулах тухай гэрээ байгуулахаар төлөвлөж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Э.Макрон нь өнөөдөр Хятадад гурван өдрийн айлчлалаар хүрэлцэн очих юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд 50 гаруй компани, тэдгээрийн дотор “Эйрбас”  компанийн удирдах албан тушаалтнууд багтсан аж.  “Эйрбас” компаниас  багаар бодоход 100 нисэх онгоц худалдан авна гэдэг нь наад зах нь 10 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулна гэсэн үг.

Гэхдээ Хятадын тал яг хэдэн онгоц худалдан авахаа хараахан мэдэгдээгүй байгаа аж.

“Эйрбас”-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Бид үйлчлүүлэгчтэйгээ одоогоор хэлэлцээ хийж байна. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчлах үеэр нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг”  компани Хятадын талд 37 тэрбум долларын өртөг бүхий 300 нисэх онгоц борлуулах гэрээ байгуулсан юм.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг