Oлон улсын сансрын станцад /ОУСС/ очсоноосоо хойш буюу ердөө гурван долоо хоногийн хугацаанд  9 см-ээр өссөн гэж худал мэдээлэл өгсөн Японы сансрын нисгэгч уучлалт гуйлаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгэхээр ОУСС-д  өнгөрсөн оны 12 дугаар сард очсон Японы сансрын нисгэгч Норишигэ Канай үнэндээ бол 2 см-ээр өсөөд байгаа аж. “Ердөө гурван долоо хоногийн дотор 9 см-ээр өссөн” гэсэн ташаа мэдээллээ Н.Канай залруулахдаа “Буруу хэмжсэний улмаас ташаа мэдээлэл өгсөндөө уучлалт гуйж байна” гэжээ.


“Ердөө гурван долоо хоногийн дотор 9 см-ээр өссөн” гэсэн түүний мэдээлэл нь дэлхийн нийгмийн сүлжээ хэрэглэгчдийг алмайруулаад байсан юм.

Сансрын нисгэгчид нь сансарт дунджаар 2-5 см-ээр өсдөг гэнэ. Энэ нь татах хүч байхгүй, жингүйдлийн орчинд хүмүүсийн сээр нуруу хоорондын зай тэлдэгтэй холбоотой аж. Харин эх дэлхийд буцаж ирснийхээ дараа татах хүчний нөлөөд орохоор тэдний өндөр өмнөх байдалдаа эргэн ордог байна.

Г.Доржханд

montsame.mn