Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Энэхүү хэрэг явдлын тухай Хятадын болон Монголын хэд хэдэн вэб сайтуудад мэдээлэл тавигдсан байсан. Тухайн үед Шанхай хотоос БНХАУлсад суугаа Монгол улсын элчин сайдын яаманд ирсэн мэдээлэлд “Монгол улсын иргэн бусдын гарт амиа алдсан” хэмээн мэдэгдэж байсан юм. Ийнхүү эмгэнэлт мэдээллийн дагуу талийгаачийн ар гэрийнхэн БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 1 сарын 1-нд очжээ.

Ар гэрийнхэн нь Шанхай хотод очих үед тус хотын удирдлагууд болон цагдаагийн газрынхан талийгаачийн цогцсыг таниулах үзүүлэл хийлгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүй элдэв шалтаг тоочин “3 хоног хүлээлгэсэн”. Тэрхүү хүлээлгэсэн 3 хоногийн хугацаанд БНХАУ-д амь насаа алдсан Монгол охиныг “амиа хорлосон” гэх мэдээллийг цахим орчинд “шар мэдээлэл” болгон тараалгажээ. Талийгаачийн ар гэр гашуудал болон Хятадад мэдээлэл авч чадахгүй шалтгааны улмаас охиных нь тухай худал мэдээлэл тараасан гэдгийг Монголдоо ирсэн хойно мэдсэн юм. Түүгээр ч барахгүй тухайн худал мэдээллийг Монголын томоохон цахим сайтууд шууд орчуулан нийтэлсэн нь Монгол Хятад хоёр улсын цахим орчинд талийгаачийг архидан согтуурч яваад өндөр барилгаас үсэрч амиа хорлосон болгосон.

Гэтэл үнэн хэрэгтээ: “Шанхай хотын удирдлагууд олон улсад нэр төрөө сэвтээж унагахгүйн тулд ташаа мэдээллийг шар мэдээлэл болгож цацуулсан. Талийгчийн ар гэрийнхэн энэхүү мэдээллүүдийн мөрөөр Хятад  улсын элчин сайдын яаманд хандсан бөгөөд Хятадын талаас уг мэдээллийг устгуулах тухай мэдэгдээд” байна.

Баттай эх сурвалжийн мэдэгдэж буйгаар “Талийгаачийн цогцсыг амиа алдсан өдрөөс хойш 3 хоногийн дараа цагдаа нарт мэдэгдсэн байгаа юм. Гэтэл тухайн дүүрэг нь хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг төдийгүй олон нийтийн нүдний ил байжээ. Ар гэрийнхэн нь охиныхоо /талийгаачийн/ алтан хайрцаг шинжээг нь нээлгэмээр байна гэхэд хэдэн сарын хэдний өдөр нас барсан гэдгийг хэлэхээс татгалзсан байна. Манай Монгол улсын шүүх шинжилгээний байгууллага ч хэдэн цагийн өмнө, ямар шалтгааны улмаас өөд болсныг тогтоож чаддаг байтал технологи өндөр хөгжсөн, эмч эмнэлгийн нарийн нөөцтэй Хятад улс тэр дундаа хөгжлөөрөө Азид тэргүүлэх Шанхай хотын эмнэлэг, цагдаа талийгаачийн цогцосны задлан шинжилгээнээс хэдний өдөр нас барсан гэдгийг хэлж чадахгүй байна гэж мэдэгдсэн. Тэд юуг нууж хэнийг хамгаалахыг зорив?”

Гэтэл тухайн хотын цагдаагийн байгууллага: “Түүний биеийн яснууд хугарсан байсан. Өндрөөс унасан байж болзошгүй. Бугуйнд нь хөнгөн шарх үүссэн байсан. Энэ нь өөрөөс нь үүдэлтэй болов уу. Тэрбээр нас бараад гурав хоносон байсан, унахдаа нүүрээрээ унаж нас барсан байх” гэжээ. Өндрөөс үсэрч амиа хорлосон гэх Монгол охины урьдчилсан шинжилгээгээр өмссөн хувцас нь урагдаагүй, нүүрээрээ өндрөөс унасан гэх ясны хугаралгүй, мөн ямар ч шархгүй байгаа юм. Хятадын задлан шинжээчид ганц ясны хугарлаар өндрөөс унасан гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд тэрхүү аарцаг хэсгийн хугаралтай яс нь өндрөөс унаснаас биш хэн нэгний гадны нөлөөтэй хугарсан байж болзошгүй юм.

Харин түүний биеийн зарим газар базагдсан хөхрөлтүүдийг тэд нууцлав.

Өндрөөс нүүрээрээ унаж нас барсан гээд энгийн хүн төсөөлсөн ч биед нь ямар гэмтэл учирч, дараа нь харах үед юу болох тухай хэн ч төсөөлсөн тэр ойлгомжтой асуудал. Талийгаачийн нүүрний яснууд цөмөрч хугараагүй няцрал гэмтэл байгаагүй. Түүний зарим газар үрэгдсэн, бусдад базуулсан мэт хөхөрсөн ил шархнууд байсан болно. Уг шархнуудыг хүчингийн сэдэлтэй гэж үзэж болохоор юм. Ямар ч хүн харсан бусдын /гадны/ нөлөөтэй амиа алдсан гэдэг нь ойлгомжтой байхад Хятадын тал уг хэргийг хохирогч руу чихсэн юм. Гар дээрх шарх үхлийн шалтгаан байж мэднэ гэсэн ч тэрхүү зүсэлт талийгаачийг амиа алдсаны дараах санаатайгаар зүссэн шарх байж болзошгүй. Учир нь гаран дээрх шарх нь амиа алдсан цаг хугацаатай таарахгүй байгаа юм.

Мөн түүний тухай мэдээлэл цацахдаа дахин нэг худал мэдээлэл “цусан дахь согтууруулах ундааны төвшин 1.37мг/мл илэрсэн буюу согтуу байсан гэжээ. Гэтэл талийгаачийн цуснаас цэвэр этанолын спирт буюу цэвэр спирт илэрсэн. Талийгаач архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний цуснаас цэвэр этанолын спирт биш хольцтой спирт илрэх байсан юм. Үүнээс улбаалан хардах зүйл бол талийгаачийн ам руу нь амьсгал хураагдсаны дараа спирт цутгасан байх шинж бүхий гэмтлүүд аман дотор нь байж.  

Тэгэхээр Монгол оюутан охиныг хороож цогцсыг нь нууж байгаад боломж бүрдсэн үедээ орон сууцны байрны 2 давхрын шатан дээр аваачсан гэх үндэслэл бүрэн байгаа юм. Түүнээс биш өндрөөс үсрээд, цогцос нь тухайн байрны 2-р давхарт 3 хоног хэн ч ололгүй байна гэдэг дэндүү худал. Гэтэл Хятад улсын хуулийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр амиа хорлосон гэж дүгнэн тэр дүгнэлтээ олон нийтэд тарааж улсынхаа нэрийг сэвтүүлэхгүйн төлөө ажиллаж байна. Хятад улс талийгаачийг 2 давхрын шатнаас олсон, гар нь зүсэгдсэн шархтай байсан гэдгийг л үндэслэж амиа хорлосон гэж урьдчилсан дүгнэлт гаргасан.

Мөн тэд мэдээлэхдээ дахиад л худал мэдээлэл цацжээ: “Урьдчилсан дүгнэлтээр иргэн М өндөр газраас унаж амиа алдсан гэж үзэж байгаа аж. Шанхай хотын Нийтийн аюулгүй байдлын товчооноос түүний үхлийн тухай Хятад дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 2-нд мэдээлсэн бөгөөд яамны төлөөлөгч, нас барсан эмэгтэйн эцэг, эх цогцсыг үзэж танилцжээ. Эцэг, эх нь охины үхлийн талаарх мөрдөн байцаагчийн дүгнэлттэй танилцаж, эсэргүүцэх зүйлгүй хэмээн гарын үсэг зурсан байна” гэх мэдээллийг 2018 оны 1 сарын 10-нд Хятадын бүх шар сайтуудаар гэнэт тараасан юм.

Түм түжгэнэсэн Хятад улсад энгийн нэгэн Монгол оюутан охин амиа хорлосон гэвэл Хятадын бүх шар сайт зохион байгуулалттайгаар шүүрч авч нэг л мэдээллийг цацна гэдэг хачирхалтай. Гэтэл Талийгаачийн ар гэр нь охиныхоо цогцсыг эх оронд нь авчрахын тулд “Цогцостой танилцлаа” гэсэн цагдаагийн байгууллагын биш эмнэлгийн бичиг дээр гарын үсэг зурсан юм. Охиныхоо цогцсыг эх орондоо авчирч оршуулах гэж эмнэлгийн бичиг дээр гарын үсэг зурсан биш хэргийг амиа хорлолт гэж хүлээн зөвшөөрлөө гэж худал мэдээлэл түгээсэн. Одоог хүртэл үхлийн тухай эцсийн дүгнэлт гараагүй байгаа гэдгийг онцлон мэдэгдмээр байна.

Тиймээс БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яам болон талийгаачийн ар гэрийнхэн Хятадад тарсан худал мэдээлэлд арга хэмжээ авч өгөхийг шаардсан. Үүний хариуд Хятадын элчин сайдын яамнаас өөрийн талдаа тараасан бүх мэдээллүүдийг 2018 оны 1 сарын 12-ны өдрөөр эцэс болгож бүгдийг таслан зогсоож хариуцлага тооцох болно гэсэн хариу өгөөд байна.

Дахин сануулбал, тухайн хэргийн эцсийн дүгнэлт одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд амь насаа алдсан манай улсын иргэн нь 1 сарын 8-10-ны хооронд эх орондоо ирэх онгоцны тийзээ ээжээрээ захиалуулсан байсан. Мөн 2017 оны 12 сарын 25-нд /нас барахын өмнөх орой/ ээжтэйгээ дүрстэй ярьж /video call/ байгаад түүнийг унтсаных нь дараа ээж нь дуудлагаа тасалсан байдаг. Мөн талийгаач нь өөд болохоосоо өмнө Хятад улсын иргэнтэй Тайвань яваагүй бөгөөд 2018 оны 9 сард Тайвань улсад докторт суралцахаар болсон байсан юм.

Хэрэгт сэжиглэгдэж байгаа Хятад улсын иргэн өөрийгөө талийгаачтай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх мэдүүлгийг өөр бусад зүйлстэй хамт ярьсан юм. Тэр 2 хайр сэтгэлийн холбоотой байгаагүй бөгөөд Хятад улсын иргэн Рао нь талийгаачийг дарамталсан байж болзошгүй сэжигтэй зүйлс олдсон. Өөд болсон хүн мэдүүлэг өгч чадахгүй, дээр нь хүний нутагт уг хэрэг болсон гэдгийг далимдуулан тэрээр олон үнэнд нийцэхгүй зүйлсийг мэдүүлэгтээ ярьсан байсан юм. Тэр 2 цуг нэг буудалд орж байгаагүй бөгөөд талийгаач өөр газар байрлаж байсан.

Хятад улсад гарсан Монголчуудтай холбоотой хэрэг хэзээ ч үнэн бодитоор шийдэгдэж байгаагүйг бүгд мэднэ. Малайз улсад амиа алдсан Монгол улсын иргэн эмэгтэй А-ын  хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа бөгөөд ар гэр нь цогцсыг нь ч авч чадаагүй л байгаа.

Хятад улс Хятад хүнээ өмөөрч, өөрийн улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаахгүй гэсэндээ бүхнийг хийж байна. Хэргийг өнгөцхөн шалгаж, өнгөцхөн дүгнэж талийгаачийг буруутан болгож байна.

Хятадын шар сайтуудад зохион байгуулалттайгаар цацагдсан мэдээллийг шууд орчуулан Монголчуудад худал, ташаа мэдээлэл хүргэсэн мэдээллийн хэрэгслүүд залруулга хийж, Монгол улсын иргэн амь насаа бусдын гарт алдсан золгүй хэргийн мөрөөр үнэн бодит мэдээллийг хүргэж ажиллана гэдэгт итгэж байна.

Аав ээжийн хайртай охин, Анд нөхдийнхөө үнэнч найз

Үзэсгэлэн төгөлдөр хүний хайлан

Хайр гэрэлтсэн энхрий Монгол бүсгүй бурхны орондоо амгалан залар даа.

Ар гэр, найз нөхөд, хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

Сэтгүүлч: Э.Анударь

Эх сурвалж: www.SETGUULCH.mn