Прокурорын байгууллагаас албан тушаалтны хэрэгт мөрдөн байцаалтын нууц гээд сүржигнэдэг билээ. Гэтэл Д.Ганхуягийн охины асуудалд цагдаа, прокурорынхон хамаагаа алдаж байгаа юм. Архины үйлдвэрийн эзний хүүхэд хууль хяналтынханд ийн нөлөөлж чадаж байна. Прокурорын зүгээс хэд хэдэн хүүхдийг гүтгэсэн болох нь тогтоогдлоо, цагдаагаас энэ хүчингийн хэрэгт тэр хүүхэд холбогдолгүй, хүчиндээгүй гэж мэдэгдлээ гэж цагаандаа гарав. Нөгөө мөрдөн байцаалтын нууц гэдэг хууль үгүй болжээ. Тийм атлаа хүчингийн хэрэгт холбогдсон хүүхдүүдийг шалгаагүй, гадаад руу гараад явчихсан гэсэн тайлбарыг хийгээд сууж байгаа юм. 
Тэмээ ямаа гэнэ гэгчээр энд тэндхийн хүүхдийг байцаан "Хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдов" гэсэн мэдээлэл хийж суугаа хуулийнханг яах вэ. Нэг талыг барьж мэдээлэл хийсэн прокурор хүүхэн, цагдаа нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Монгол Улсад хохирсон иргэд хэлмэгдээд дуусдаг жишиг руу Номуундарийн хэрэг явчихлаа. Энэ хэргийг үйлдсэн хүүхдүүдийн ар талд хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгаа нь харагдаж байна.
Сүүлдээ Г.Номуундарийг буруутгах зүйл олдохгүй болохоор сэтгэцийг шалгуулж, 16 настайдаа архи уудаг(Алкольгүй вино уусан) ёсзүйгүй охин мэтээр доромжилж байна. Эцгийг нь чинь гэсэн охиноо хүмүүжүүлж чадаагүй гэх болов. Харин ч эсрэгээрээ ийм шударга, зоригтой охин хүмүүжүүлж өсгөсөн Д.Ганхуягт баяр хүргэх хэрэгтэй. Ойр тойрны найз нөхөд, хамаатан садандаа хүчиндүүлчихээд шаналж яваа олон хүнд гэрэл гэгээ, итгэл төрүүлсэн Номуундарь үлгэр дуурайлал болов. Ийм хэрэг хийвэл илэрдэг, мөнгө төгрөгтэй ч падгүй шүү гэсэн ойлголтыг хүчиндэгч нарт өгч чадлаа.