Инфляц 17.5 хувь, валютын ханш 1900 төгрөгөөс давах уу?
2014/01/07
Энэ онд ам.долларын ханшийг Засгийн газар 1384 төгрөгт барина хэмээн мэдэгдсэн билээ. Валютын ханш өнгөрсөн онд 20 гаруй хувиар өсчээ.
Төр, засаг маань найр наадам гээд завгүй байхад төгрөгийн ханшийн уналтын “голомт” эдийн засагт ужгирсаар байна. Өдгөө 1710 төгрөг давчихаад байгаа валютын ханш зөвхөн импортлогчдод ч бус экспортлогчдод халтай болон хувирч байгаа. Зөвхөн ам.долларын зээлтэй, төгрөгийн орлоготой иргэдээс гадна гадагшаа худалдаа хийдэг валютын орлоготой хүмүүс хүртэл хэтэвч нь хэрхэн нимгэрч буйг ярьж байна. Тэд ч бас гадаадад бараа бүтээгдэхүүнээ гаргахын тулд импортын орц, найрлага хэрэглэдэг учраас хямд төгрөг, үнэтэй валютын зовлонг ялгаагүй эдэлж байна.
Ханш өсгөсөн хүмүүсийг олсноо зарлаж, тэдэнд хариуцлага тооцохоо амласан Ерөнхий сайд бас таг чиг. Харин УИХ-ын даргын хувьд Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргыг загнаснаас өөрөөр ханшийн өсөлтийн талаар дуугарсангүй. Энэ зуур баярын улирал дөхөж шинэ жилийн уур амьсгал ч орчихлоо. Цагаан сарын барааны үе эхэлж, юань, ам.долларын эрэлт өсчихөөр ханш дахиад л “өгсөнө”.
“Мандал даатгал” компанийн Эрсдэлийн удирдлагын ахлах шинжээч Ч.Анхбаяр инфляц 17.5 хувь байхаар байгааг телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Засгийн газар энэ онд инфляцийг найман хувьд буюу нэг оронтой тоонд барина гэж байгаа. Түүний тооцоолсноор инфляц өсөх нэг үндсэн шалтгаан нь валютын ханш. Мөн тэрээр энэ онд валютын ханш 1920 төгрөгт хүрэх тооцоолол гаргажээ. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “2014 онд Монгол Улсын валютын ханш 1380 байх боломжтой гэж тооцоолсон” гэсэн юм. Ийнхүү ам.долларын ханшийн өсөлт хэрхэн өөрчлөгдөх, инфляц хэдэн хувьтай байх нь энэ жилийн гол оньсого болох төлөвтэй.
С.Саруул