1952 онд Бельги, Финлянд Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн анхны орнууд болж байжээ. Үүнээс хойш Франц, Исланд, Итали, Португали, Испани, АНУ зэрэг харьцангуй өндөр хөгжсөн орнууд ч ОУВС-гаас зээл авч байлаа.

Их Британи л гэхэд 1956-1977 оны хооронд нийтдээ 11 удаагийн ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгаа хөл дээр нь босгож чадсан орон байхад эсрэгээрээ эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн орнууд ч байдаг.

Манайх ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар өнгөрсөн болон энэ онд газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын шатахууны онцгой албан татваруудаа нэмсэн.

Тэгвэл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, шаардлагын дагуу татвараа нэмснээр дэлхийн хэд хэдэн орон хэцүүхэн байдалтай тулгарч байжээ. 

Грекийн Засгийн газар 1980-аад оны үед төсвийн зардлыг их хэмжээгээр тэлсэн, хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Хамгийн эрсдэлтэй алхам  нь хувийн хэвшлээ дэндүү тойглосноос  болж, татварын өсөлтөд нь өөрчлөлт оролгүй байсаар  төсвийн орлого бүрдүүлэлтээ нэмэгдүүлэх аргагүй  болгосон юм.   Иргэдийн хэрэглээг дэмжих хөтөлбөр хэдийгээр  худалдан авах чадварыг дэмжсэн ч  аажимдаа инфляцийг хөөрөгдөж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлжээ. Нэгэнт алдагдал нэмэгдсэн учраас зээл авах замаар алдагдлаа санхүүжүүлж, халамжийн бодлогоо үргэлжлүүлсэн юм.  

1990-ээд оны эхээр байгуулагдсан Засгийн газар нь өр зээл авч, алдагдлаа санхүүжүүлсээр байсан бол 1996 оны Засгийн газар онгоцны буудал, гүүр, метро зэрэг дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Энэ нь тухайн үедээ төсвийн алдагдал, өрийн дарамтыг эрс нэмэгдүүлсэн байна. Улмаар 2001 онд Европын холбоонд нэгдэн орсноор олон улсын зах зээл дээрээс хямд өртгөөр эх үүсвэр татах боломж нь бүрджээ.

Гэвч хямд өртөгтэй их хэмжээний эх үүсвэрээр төсвийн зардлаа дахиад л хэт тэлж, халамжийг тэтгэснээр төсвийн хүндрэлд орсон байна. 2004 оны Афины олимп ч том дарамт учруулсан гэдэг. 2009 оны байдлаар Грекийн Засгийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь 50 хувьд хүрч, үүний 75 хувь нь төрийн албан хаагчдын цалин болон халамжид зарцуулагдаж байв. Өөрөөр хэлбэл, Грек бүр 1980-аад оноос эхлэн төсөв, мөнгөний замбараагүй бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулснаар эдийн засгийн гүн хямралд өртөж элгээрээ хэвтсэн юм.

Грекийн ард түмэн хэт үрэлгэн төсөв, халамжийн бодлогод ийнхүү 20 гаруй жилийн турш автжээ.  Ингээд 2010 онд Европын зөвлөл, Европын төв банк, ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай 110 тэрбум еврогийн анхдагч багц зээлийг авав. Нэгэнт зээл авсан тул ОУВС-гийн нөхцөл болзлуудын дагуу Засгийн газар нь татварын хувь хэмжээг дахин нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг бууруулах зэрэг бодлого баримталсан ч мөн  л үр дүнд хүрсэнгүй.

Ингээд 2012 оны гуравдугаар сард гаднын  зээлдэгчдээс дахин 130 тэрбум еврогийн зээл авч, төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийг зорьсон ч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Дөрвөн жилийн турш бүсээ чангалсан Грек Улс эцэст нь төсвийн алдагдалгүй болсон ч эдийн засаг, нийгэм, улс төрийн гүн хямралд автсан. Төсвийн зардлыг багасгаж байгаа нь энэ гээд ард иргэдээ ажилгүй, ядуу болгосны үр дүнд Грекийн гадаад өр өмнөхөөсөө ч өссөн гэдэг. 


Украин Улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан.  Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн.

Үүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох гэсэн шаардлагыг нэмж оруулжээ. Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. “Их ажилласан нь ихийг хүргэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг “оновчтой” болгоно гэдэг нь “нэмнэ” гэсэн үг.

Тус улс ОУВС-гийн бодлогын дагуу татвараа нэмснээс архи, тамхи, цагаан будаа, сүү, өндөг, эрчим хүч, халуун болон хүйтэн усны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 70 орчим хувиар нэмэгдсэн ч цалин болон хангамжийн хэмжээ огтхон ч нэмэгдээгүй байна. Ахуйн хэрэглээний үнэ огцом нэмсэн нь иргэдэд нь маш хүнд  туссан тул ард иргэд нь байсхийгээд л эсэргүүцэл илэрхийлж жагсдаг.

Ер нь Украиныг улс төрийн хамгийн тогтворгүй, жагсаал цуглаан, үймээн самуун хамгийн их гардаг орон гэж хэлж болно. Ер нь ОУВС-гийн шаарддаг хэмнэлтийн бодлого үр ашигтай байж чадахгүйг эдийн засагчид шүүмжилдэг. Ялангуяа эдийн засаг хямарч байгаа нөхцөлд бүсээ чангалах нь сайн гэхээсээ илүү саар үр дагаварт хүргэх нь элбэг. 1929 онд Херберт Хүүвер АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад найман сар болж байхад “Wall street”-ийн сүйрэл болсон. Хөрөнгийн зах зээлийн хямралтай тэмцэж байгаа нь энэ гээд бүсээ чангалж, төсвийн орлогоо нэмэхийн тулд татвар, хураамжийг өсгөх бодлого баримталснаар эдийн засаг нь их хямралд орж, ажилгүйдэл, ядуурал газар авсан түүхтэй.  

Аргентин Улс мөн л ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан орнуудын нэг. 1989 оноос эхэлсэн ОУВС-гийн эрүүлжүүлэх хөтөлбөрөөр олгосон зээл нь одоогоор  138 тэрбум ам.долларын өр болон хувираад буй. Цалин, тэтгэврээ ч  бараг өгч чадахгүй байж, татвараа нэмсэн нь ард иргэдийн дургүйцлийг хүргэж, жагсаал цуглаан газар авах нөхцөл бүрджээ.

Энэ мэтээр ОУВС-гаас зээл авч шаардлагыг нь хэрэгжүүлсэн

Индонези, Бразил, Эквадор, Перу  зэрэг улсын эдийн засаг хүндхэн байна. Мөн эсрэгээрээ тус сангаас зээл авч шаардлагынх нь дагуу эдийн засгаа босгосон орнууд ч бий. Тухайлбал,  Их Британи  2008 оны аравдугаар сараас өнгөрсөн 2010 оны  аравдугаар сарыг хүртэл авсан зээлийн хэмжээ 850.3 их наяд евро болжээ.

Дани Улс 599.7 их наяд  еврогийн зээл авсан байна. Өмнө нь зээл авахыг эсэргүүцэж байсан Герман Улс 592.2 их наяд зээл авч хямралаас ангижирчээ. Харин өөрсдийн хүчээр хямралаас гарна гэж амлаж байсан Португаль Улс 20.5 их наяд еврогийн зээл авсан байна. Ерөнхийдөө бол эдийн засаг нь хүндхэн, жижигхэн орнууд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, шаардлагынх нь дагуу татвараа нэмснээр улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлал өндөр байдаг аж. Татвар нэмэх нь хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. 


Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой.

Гэвч ОУВС-гийнхан улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. 

Үндэсний шуудан сонин