Шинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр төрийн албан хаагчийн хээл хахуулийн хэргийн талаар мэдээлэл өгөх юм бол ялаас чөлөөлөгдөөд зогсохгүй төрийн байгууллагаас авсан үйлчилгээг хэвээр нь үлдээх боломжтой болсон байна.

Түргэн муудах шинж чанартай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд экспортолж, импортолдог аж ахуйн нэгжүүдэд хясан боогдуулах дарамт ихээр тулгардаг. Олон тонн мах, жимс гэх мэт бараа бүтээгдэхүүн бэлтгэж хилээр оруулж, гаргах гээд зөвшөөрөл хүсдэг. Гэтэл албан тушаалтнууд зөвшөөрлийг нь олгохгүй удаах, элдэв бичиг баримт нэхэх зэргээр зохиомол дараалал, хүнд суртал үүсгэж байна. Тухайн бараа бүтээгдэхүүний чанарыг муутгахгүйн тулд их хэмжээний түрээсийн төлбөр төлж хадгалуулах шаардлага үүсдэг, эсвэл тухайн бараа бүтээгдэхүүнээ муутгаж алдагдал хүлээхээс өөр сонголтгүй болдог. Энэ мэт дунд шатны албан тушаалтнуудын хясан боогдуулсан, хахууль нэхсэн үйлдлүүдийн талаарх мэдээллийг сайн дураараа илчлэн ирвэл 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хойш эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий болсон.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар бүлгийн 22.5-д “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэсэн заалт бий.

Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол Эрүүгийн шинэ хуулиар төрийн албан тушаалтны хясан боогдуулсан үйл ажиллагааны улмаас аргагүй байдалд орж хээл хахууль өгсөн этгээд тэр үйлдлээ сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөх юм. Ингэхдээ мөнөөх иргэний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн А тусгай зөвшөөрөл авахын тулд төрийн албан тушаалтан Б-гийн хүнд суртлаас болж хээл хахууль өгсөн бол Б-д хахууль өгсөн тухайгаа АТГ-т сайн дураар илчлэн ирсэн бол иргэн А-гийн авсан тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээнэ. Үүн дээр бонус болгож хээл хахуулийн хэргийг мэдүүлсэн иргнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

Тиймээс иргэд энэ тухай сайтар мэдээлэх нь төрийн нийт албан хаагчдад сануулга, дохио болохын зэрэгцээ даварсан дааган дарга нарт даруулга болох юм.

Хуулийн уг заалт хэрэгжиж, өдгөө АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийн нэг нь  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоёр даргын хэрэг юм. Гурван иргэнийг хээл хахууль өг, өгөхгүй бол ажлыг чинь бүтээж өгөхгүй гэж МХЕГ-ын  дарга нар хясан боогдуулсан бөгөөд иргэд хахууль өгч үйлчилгээгээ авсан. Үүний дараагаар АТГ-т энэ тухайгаа мэдүүлж, ялаас чөлөөлөгдөөд байгаа юм.

Яг дээрх зүйл заалтаар  Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэргүүдээс дурьдах юм бол Авто тээврийн үндэсний төв, гаалийн байцаагч нарт холбогдох хэргүүд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Тухайн албан тушаалтнууд өөрийн албаны эрх хэмжээгээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжийг хясан боогдуулсан үйлдлүүд тогтоогдож байгаа аж.