Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Бүгд найрамдах Польш Улсад айлчлал хийж, тус улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрт ХНХ-ын сайд С.Чинзориг болон Польш Улсын  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм. Энэ талаар ХНХ-ын С.Чинзориг “Бидний гарын үсэг зурж баталгаажуулсан уг хэлэлцээр хоёр улсын иргэдэд Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн  сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” хэмээжээ. Мөн БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Энэ хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрууд иргэдийнхээ ирээдүйн баталгааг хангахын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна ХНХ-ын сайд С.Чинзориг Польшийн талд Монголоос ажиллах хүч авах хүсэлт тавьсныг  дэмжиж эхний ээлжид “Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр нэг жилд 30 хүртэлх насны 200-300 монгол залуу 12 сар хүртэлх хугацаанд Польш Улсад аялангаа ажиллах боломжтой болж байгаа юм байна.