Аргентинд төрийн албанд хамаатан садан, танил талаа ажилд авахыг хориглов
2018/01/30
Төсвийн алдагдлыг бууруулах, засгийн газрын харьяа байгууллагуудын удирдлага ах дүү, хамаатан садан болон танил талаа ажилд авдаг явдлыг таслан зогсоох зорилгоор тодорхой тооны төрийн албан хаагчдыг цомхотгохоор төлөвлөж буйгаа Аргентины Ерөнхийлөгч Маурицио Макри мэдэгдлээ гэж "Би-Би-Си" телевиз мэдээлэв.
Сайд нарт ах дүү, хамаатан садан болон танил талаа ажилд авахыг, ийм шугамаар ажилд авсан хүмүүсээ цомхохтгохыг М.Макри үүрэг болгосон байна. Мөн тус улс нь сайд нарын томилсон дөрвөн хүн тутмын нэгийг нь цомхотгох, энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр жилд 77 сая ам.доллар хэмнэнэ гэж холбогдох албаны хүмүүс тооцоолжээ.
Саяхан Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн М.Макри өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Эдийн засгийн өөрчлөлтөөс гадна соёлын өөрчлөлт хийх нь чухал. Бид Аргентиныг соёлын хүчээр өөрчлөхийг хүсэж байна” гэжээ.
Түүнийг ийм мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа тус улсын сайд нарын хэд хэдэн хамаатан ажлаа өгсөн байна.
Аргентины хамгийн баян чинээлэг гэр бүлүүдийн нэгээс нь гаралтай М.Макрийг ард иргэд нь “Өөрийнхөө компаниудад ашигтай шийдвэр гаргадаг” гэж шүүмжилдэг юм. Тэрбээр ард иргэдийн шүүмжлэлийг намжааж, ирэх онд дахин сонгогдохын тулд дээрх өөрчлөлтүүдийг хийх гэж байна гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг