Ши Жиньпин бүх Хятадын АТИХ-д Өвөр Монголыг төлөөлөхөөр болов
2018/01/31
Өвөр Монголын ӨЗО-ы 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын /АТИХ/анхдугаар чуулганаар Ши Жиньпинийг Бүх Хятадын 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар бүгд хурлын төлөөлөгчөөр санал нэгтэйгээр сонголоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Хятадын Коммунист намын /ХКН/ Төв Хороо Ши Жиньпинийг Бүх Хятадын 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар бүгд хуралд Өвөр Монголыг төлөөлүүлэхээр нэр дэвшүүлсэн байна. Өвөр Монголын ӨЗО-ы 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар чуулганы 500 гаруй төлөөлөгч “Өвөр Монголын ӨЗО-ы 25 сая гаруй иргэнийг төлөөлж чадна” гэж үзэн 58 хүнийг Бүх Хятадын 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар бүгд хуралд төлөөлөгчөөр сонгосны нэг нь Ши Жиньпин аж.
Ши Жиньпинийг Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгчөөр сонгосон нь олон үндэстэн ястнаас бүрдсэн Хятадын 1.3 тэрбум гаруй иргэн ХКН болоод намын удирдлагадаа ихээхэн итгэж найдаж явдгийн нэгэн нотолгоо юм гэж Өвөр Монголын ӨЗО-ы 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар чуулганд оролцсон төлөөлөгчид мэдэгджээ.
Бүх Хятадын 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар бүгд хурал энэ оны гуравдугаар сарын 5-нд Бээжин хотод эхэлнэ.
Бүх Хятадын АТИХ-ын сонгууль нь таван жил тумамд болдог бөгөөд бүгд хурлаа жил бүр хийдэг аж. ӨЗО болон мужуудын АТИХ нь эхлээд орон нутгийн түвшиндээ хуралдаж, бүгд хуралд нутаг орноо төлөөлөх төлөөлөгчдийг сонгодог байна.
Өвөр Монгол
Хятадын улсын хойд нутагт орших Өвөр Монгол нь улсынхаа найман мужтай, Орос болон Монголтой хиллэдэг бөгөөд 55 ястны өлгий нутаг юм.
“Ши Жиньпин дарга Бүх Хятадын АТИХ-ын анхдугаар бүгд хуралд Өвөр Монголын төлөөлөгчөөр оролцох болсон нь манай ӨЗО-ы ард иргэдийн хувьд нэр төрийн хэрэг юм. ХКН-ын Төв хорооноос Ши даргыг Өвөр Монголын төлөөлөх төлөөлөгчид нэр дэвшүүлсэн нь бидэнд анхаарлаа ихэд хандуулж, итгэл найдвар хүлээлгэж буйн илэрхийлэл гэж ойлгож байна” гэж Өвөр Монголын АТИХ-ын нэгэн төлөөлөгч ярьжээ.
2014 оны нэгдүгээр сард Ши Жиньпин Өвөр Монголд очиж, ард иргэдийнхээ аж амьдралтай танилцаж байжээ. Энэ тухай Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн нэгэн малчин дурсан ярихдаа “Ши Жиньпин дарга өвлийн хүйтэнд малчид болон ядуу айл өрхүүдийн аж амьдралтай биечлэн танилцсан нь тал нутгийн бидэнтэй сэтгэл зүрхээрээ ямагт хамт байдгийн илрэл болсон. Ши дарга Бүх Хятадын АТИХ-д биднийг төлөөлөхөөр болсонд үнэхээр баяртай байна” гэжээ.
Шинэ гэгээ
ХКН-ын XVIII их хурлаас хойш Өвөр Монгол эрчимтэй хөгжиж эхэлсэн байна.
Эдийн засгийн хувьд нүүрс олборлолтоос ихээхэн хамааралтай байдаг байсан тус ӨЗО ХКН-ын XVIII их хурлаас хойш олон салбарыг хөгжүүлэх болжээ. Тус ӨЗО-д аялал жуулчлалын салбар цэцэглэн хөгжсөөр байна.
Өвөр Монгол нь 2017 оны наймдугаар сарыг хүртэлх таван жилийн хугацаанд 1.41 сая иргэнээ ядуурлаас гаргаж, хот болон хөдөөгийнхний 98 хувийг эрүүл мэндийн үндсэн үйлчилгээнд хамрагдуулж чаджээ.
Тус ӨЗО-ы 13 дахь удаагийн АТИХ-ын анхдугаар чуулганд суусан төлөөлөгчид ярихдаа “Өвөр Монголд шинэ эриний гэгээ татлаа. Бид ядуурлаас ангижрах, эдийн засгийн эрс шинэчлэл хийх, ногоон хөгжлийн замаар явах хөгжил дэвшлийн аялалд гараад байна. Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг бий болгох Ши Жиньпиний үзэл баримтлалыг бид даган Хятад мөрөөдөлд хүрэхээр, улам илүү гэрэл гэгээтэй Өвөр Монголыг бий болгохоор шаргуу зүтгэх болно” гэжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг