Хэдэн жил дамнаж Ноён уулын хэмээн нэршээд байгаа "Ноён уулаа аврах хөдөлгөөн" НҮТББ-ийн нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшиллоо. Ийн энэ маргаантай холбоотой шүүх хурал 32 дахь удаагаа хойшилж, рекорд тогтоохоор болоод байна. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь эртний олдворт Ноён ууланд дөрвөн лиценз эзэмшдэг "Сентерра гоулд" компанийн лицензийг хүчингүй болгуулахаар иргэний нийгмийн байгууллагууд нэхэмжлэл гарган нэг удаа лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч давж заалдах шатанд буцаагдан ийн хамгийн олон удаа шүүх хурал товлосон маргаан гэж хэлэхэд хилсдэхээргүй болоод байгаа юм.

Өнөөдрийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өглөө 10.00 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмидын хүсэлтээр хойшлогдлоо гэж тус шүүхийн албан ёсны мэдээнд өгүүлсэн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон аж.

Ингээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 09.00 цагт хийхээр товлов.