Хорт хавдар нь манай орны хүн амын нийт нас баралтын хоёр дахь шалтгаан төдийгүй нас барж буй таван хүний нэг нь энэ өвчний улмаас хорвоог орхиж байна.

Тиймээс хүн амыг хорт хавдраас сэргийлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МОҮНТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-г хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Тус аяны хүрээнд өнгөрсөн долоон жилийн хугацаанд 115725 иргэнийг үзлэгт хамруулахад, нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж, 477 яаралтай мэс ажил хийж, төдий тооны хүнд амьдрал бэлэглэжээ. 

Монгол Улсад 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн нас барсан бөгөөд 15000 гаруй хорт хавдартай хүн амьдарч байна. Хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь нийт хорт хавдрын тохиолдлын 76 хувь нь хожуу буюу бүрэн эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой. 
Манай оронд бүртгэгдэж буй нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Хэдийгээр хорт хавдар өвчин нь дэлхий нийтэд түүний дотор монгол хүн амын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа эрүүл мэндийн тулгамдсан асуудал ч гэсэн хорт хавдраас сэргийлэх боломжтой гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон билээ. Тиймээс хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,  хувь хүн хамт олон  хамтдаа ажиллаж чадвал энэхүү аюулт өвчнийг хяналтдаа авч чадах юм. 
Дашрамд дурдахад, хорт хавдрын улмаас нас барж буй сая сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, засгийн газрын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаарсарын 4-ний өдөр тэмдэглэдэг. Тэгвэл энэ жил уг өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Жил бүрийн энэ өдөр “Хавдрын эсрэг үндэсний аян” үр дүнгээ хэлэлцэж, дараагийн жилдээ хийх ажлаа төлөвлөж, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай мэдээлэл солилцдог үйл ажиллагааг  уламжлал болгон хийдэг билээ. 
Эмэгтэйчүүд 20, эрэгтэйчүүд 40 наснаас эхлэн үзлэг шинжилгээ тогтмол хийлгэх шаардлагатай

Үндэсний шуудан сонин