Жихадистуудтай тулалдаж, баатарлагаар амиа алдсан нисгэгч Роман Филипов
2018/02/08
Оросын нисэх хүчний шилдэг офицер идэрхэн эр Роман Филипов Аугаа их, эх орны дайны үеийн баатарлаг түүхийг сэргээн санагдуулсан гавьяат үйлсийг Сирийн дайнд бүтээсэн нь олон орны уншигчдын бахархалыг төрүүлээд байна.
Сирийн сөрөг хүчний босогчид энэ сарын 3-ны өдөр Идлиб мужид ОХУ-ын нисэх хүчний “Су 25” бөмбөгдөгч онгоцыг пуужингаар харваж унагасан билээ. Уг онгоцны нисгэгч, босогчидтой баатарлагаар тулалдаж амиа алдсан нисгэгчийн түүх эдүгээ хүн бүрийн ярианы сэдэв, эрэлхэг баатарлагийн жишээ болж байна.
Онгоцоо пуужинд оногдсоны дараа унахаас нь өмнө амжиж автомат шидэгчээ ажиллуулан шүхрээр буугаад, барихаар ирсэн босогчидтой тулалдаж, улмаар сум нь дууссаны дараа өөрийгөө дэлбэлсэн тэрхүү эрэлхэг орос эрийг Роман Николаевич Филипов гэдэг бөгөөд 1984 оны 8 сарын 13-ны өдөр тухайн үеийн нэршлээр ЗХУ-ын Воронеж мужид төржээ. Аав нь цэргийн албан хаагч, байлдааны онгоцны нисгэгч байсан тул Роман багаасаа л аав шигээ нисгэгч болохыг мөрөөдөж өсчээ. Дунд сургуульд байхдаа сурлага сайтай, спортоор хичээллэдэг сэргэлэн хүү байсан гэнэ. Дунд сургуулиа төгсөөд Краснодарын нисэхийн академид элсч, 2006 онд дүүргэснээр эцгийнхээ мэргэжлийг өвлөх хүслээ биелүүлсэн байна. Улмаар Приморийн хязгаар дахь Нисэх хүчний 187 дугаар ангид хуваарилдан, ахлах нисгэгчээс эхлээд Дорнод дахь цэргийн тойргийн бөмбөгдөгч онгоцны эскадрилийн командлагчийн орлогч хүртлээ хүчин зүтгэжээ.
Чөлөөт цагаараа усанд сэлэх, загасчлах дуртай, цанаар сайн гулгадаг, хоккей муухан тамирчны хэмжээнд тоглочихдог байсан аж.
Бөмбөгдөгч онгоцны нисэгчийн хувьд тэрээр мэргэжилдээ гарамгай, “асс” нисэгчийн тоонд ордог, үнэлэгддэг байж. Газар дээрх байг агаараас оновчтой устгах авиа дартсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, 2013 онд хоёрдугаар байрт шалгарсан баримт эдүгээ үлдэж хоцорчээ. Тэрээр 187 дугаар ангиасаа Сирид үүрэг гүйцэтгэх ОХУ-ын нисэх хүчний бүрэлдэхүүнд багтан Ойрхи Дорнодыг зорьж, баатарлагаар амиа алдах хүртлээ үүргээ нэр төртэй биелүүлж байжээ.
Тэрээр бие хамгаалах зориулалттай гар бууныхаа 20 сумыг дуустал тулалдсаныхаа дараа алан хядагчдыг ойрттол хүлээж байгаад гар бөмбөг дэлбэлж амь насаа баатарлагаар алдсан юм. Гар бөмбөгөө тэслэхдээ “Май, муу жулдрайнууд аа” гэж хашгирсан гэсэн сэтгэл шишрэм түүх нь хэвлэлээр бичигдсээр.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмнийхээ дундаас төрсөн баатарлаг хөвгүүн, эр цэрэг, эрэлхэг хошууч Роман Филиповт ОХУ-ын баатар цол нэхэн шагнах зарлиг гаргасан юм.
ОХУ-ын баатар, нисэх хүчний хошууч Роман Филипов гэрлэсэн, хүүхэдтэй бөгөөд дөрвөн настай охин нь эцгийнхээ удмыг үргэлжлүүлэхээр үлдэж хоцорчээ.
Зочин · 2018/02/08
Oros erchuud mundag bn aa. Eh oronch uzeltei mundag bn