Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух гурван настай, эрэгтэй Б архи уусан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус суманд оршин суух С гэх иргэн гэртээ зочид ирэхэд архи уусан гэнэ.

Ингээд олон хүн бужигнаж, бага насны хүүхдэдээ анхаарал хандуулаагүйгээс болж, гурван настай хүү нь “Нутаг” гэх архины шилэнд байсан үлдэгдлийг уужээ. Гурван настай хүү ухаангүй хэвтэж байхад нь арван настай эгч нь анх харж, эцэг эхдээ дуулгасан байна. Гэвч эцэг эх нь биеэ удирдах чадваргүй болтлоо согтсон байсан ч хүүгээ ухаангүй болсон учраас эмнэлэгт нэн даруй хүргэжээ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч, хүүхдийн ходоодыг угааж, холбогдох бусад эмчилгээг хийсэн гэв. Тухайн үед хүүгийн эцэг эх нь “Хүүгээ ухаангүй болчихлоо” гэж их сандарсан гэнэ. Харин бага насны хүүхэд архи уухад шууд унтах хэмжээнд очдог гэдгийг эмч нар сануулжээ. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн, эмчилгээний үр дүнд сэргэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

ЖИРЭМСЭН ЭХ СОГТУУРУУЛАХ УНДАА УУХ БҮРТ УРАГТ НӨЛӨӨЛЖ, ЭРҮҮЛ БУС ХҮҮХЭД ТӨРДӨГ ГЭВ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан гэнэ. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичны гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг. Жирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог байна.

Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагддаг гэв. Тухайлбал, явж чадахгүй болох, аливаа зүйл бүдэг харагдах, яриа дультраатах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах зэрэг нь архи тархинд нөлөөлж буйн илрэл юм. Эдгээр шинжийн зарим нь зөвхөн нэгээс хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоовол хурдан засардаг. Гэхдээ удаан хугацаагаар их хэмжээний архи ууж байсан хүн хэдий эрүүлжсэн ч тархины дутагдал шинж нь арилдаггүй байна.

Бага хэмжээгээр архи уусны дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг гэв. Ходоод хоосон үед их хэмжээний архийг нэг дор уух үед “тасрах” буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Сүүлийн үед “тасрах” тохиолдол нийгэмд түгээмэл болсон. Тухайн хүн хамт олонтойгоо ууж буй тохиолдол элбэг байдаг. Энэ үед иргэдийн наснаас үл хамааран архины хамааралтай юу, үгүй юу зэргийг харгалзахгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Ийм тохиолдолд огцом хордлогод орсноос болж янз бүрийн өвчин эмгэгтэй болж, гэмт хэргийн золиос болох нь ч бий. Тухайлбал, оюутан сурагчид “тасарсан” үедээ аймшигт эрсдлийг дагуулдаг.

Зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсны улмаас осол гаргадаг. Тэр дундаа монголчууд бага насны хүүхдүүдийн хажууд хараа хяналтгүйгээр архи согтууруулах ундаа хэрэглэж, заримдаа гурав, дөрөв, таван настай хүүхдүүдийг “Амсаад үз” гэдэг. Энэ нь маш буруу гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Бага насны хүүхдийн бие эрхтнүүд нь дөнгөж нөхөн төлжиж буй учраас архи согтууруулах ундаа шууд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймээс шууд унтуулах эсвэл ухаан алдах, их хэмжээгээр уулгавал амь насанд нь аюул учруулдаг байна.

Мөн их, дээд сургууль, коллежийн оюутнууд архийг их хэмжээгээр уудаг, “тасарсан” тохиолдол өндөр байгаа учраас эрсдэл ихтэй байгаа юм. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн хоёр цагийн дотор тав болон түүнээс илүү хундага, эмэгтэй хүн дөрөв болон түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг гэнэ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ архи согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагч, оюутнуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа.