Монгол улс хүн амын нарийвчилсан тооллогоо 2020 оны нэгдүгээр сард хийнэ. Долоо хоног үргэлжилнэ. Жил бүрийнх бол бүртгэл л юм. Бас завсрын тооллого гэж таван жил тутамд хийдэг. Харин 2020 оны хүн амын тооллого бол эд эс, ширхэг бүрээр нь бүртгэж авна гэсэн үг. Дэлхийн улс орнуудад арван жилийн давтамжтай томоохон тооллого явуулаад дараа нь түүвэр маягаар явуулдаг тогтолцоотой. Тэр л жишгээр гэсэн үг.

Тэгэхээр монголын төр энэ удаагийн чухал тооллогоороо гадаадад байгаа монголчуудаа л онцгой сайн тоолж, бүртгэж авмаар байна. Өнгөрсөн хугацаанд бол гадаадад байгаа хэдийгээ тэгж ингээд тоолсон болдог байлаа. Тооллогын дараа ГХЯ-наас заавал “Энэхүү тоонд албан ёсны зөвшөөрөлтэй болон хууль бусаар (хараар) оршин сууж буй нийт иргэдийг багтаасан учраас нэг бүрчлэн нарийн тоо гарах боломжгүй байна” гэсэн мэдэгдэл заавал дагалддаг байлаа. Харин 2020 онд л ингэмээргүй байна даа.

Учир нь өнөөдөр монгол хүн гадаадад явах нь төрийн хэрэг болжээ. Дээр нь эдийн засгийн үр дүн ч яригдана. Манайхан гадагшаа их ч явах болсон. Хүн амын маань арав гаруй хувьтай тэнцэх буюу 200 гаруй мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байна. За ер нь сурч байгаа нь их цөөхөн дөө. Бараг 90 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа байх. Үүнийг юугаар батлах вэ гэвэл гадаадад байгаа монголчуудаас эх орон руугаа ирүүлж буй мөнгөн урсгал өнгөрсөн жилийн дүнгээр 220 сая ам.долларт хүрсэн статистик байгаа юм. Сурч байгаа хүн мөнгө явуулах уу. 220 сая ам.доллар гэдэг бол 600 тэрбум орчим төгрөг. Манай улсын төсвийн 1/7 гэсэн шахуу үг. Энэ том хөрөнгө оруулалтыг анзаардаг хүн цөөн. Бүр сүртэйгээр ярьвал өнөөдөр Монгол улсад орж ирж буй гадаадын бодит мөнгөн хөрөнгө оруулалт гэвэл нэгдүгээрт, Оюутолгой орно. Хоёрдугаарт, Бороогоулд гэж ойлгож байгаа. Тэгээд гадаадад махаа зулгаан хөдөлмөрлөж буй хэдэн монголчуудын минь ар гэр рүүгээ явуулж буй 220 сая ам.доллар орно доо. Үүнийг анзаарч буй дурак саарал ордон дотор байхгүй байгаад гол харлах юм. Монгол хүн гадагшаа явах нь улс төр-эдийн засгийн ямар том ач холбогдолтой болохыг эндээс ойлгох цаг болсон.

Бодит байдал нэгэнт ийм байгаа хойно монголчуудыг гадагш нь явуул. Тэртэй тэргүй ажлын байраар хангаж чадахгүй байна. Аж ахуй эрхэлж баялаг бүтээе гэсэн нь авлига, хүнд сурталыг давж хүчрэхгүй байна. Эх орондоо турж үхэх юм уу. Монголчуудад хамгийн их таатай ханддаг улсууд болох Америк, Солонгос, Япон, Швед, Чех, Канад, Герман, Франц, Англи, Турк, Австрали, Испани, Унгар, Бельги... бүгд рүү нь монголын иргэд гарч ажиллах хэрэгтэй байна. Тэд бүгдээр мөнгө олох гэж явдаг. Хамгийн бахархмаар нь олсон мөнгөө эх орон руугаа шууд явуулдаг зүрх сэтгэл. Тэр 220 сая ам.долларыг нэг тэрбум болгоё л доо. Тэр мөнгийг нь харин өнөөдрийн засаглагчид хуваагаад идчихгүй, Эрээний бараа болгочихгүй байх бодлого дээр нь ажлаад сууж бай.

Гэхдээ энэ бүхэнд ганцхан асуудал бий. Мэдээж визний асуудал. Үүн дээр л төр онцгой анхаарч ажилламаар байна. Монгол хүн гадаадад явах нь төрийн хэрэг болсон гээд байгаагийн учир энэ. Төр бол ард түмнээ амар тайван байлгаж сайн сайхан амьдруулах л үүрэгтэй. Төрийн хэрэг гээд байгаагийн бас нэг учир нь дээрх Америк, Солонгос нарын улс орнууд манайд маш нааштай, таатай ханддаг. Тийм болохоор визний асуудлыг нааштайгаар шийдэх бүрэн боломжтой. Визгүй болох, визний хөнгөлөлт эдлэх. Гэтэл саад болдог зүйл нь хууль бусаар буюу хараар ажиллаж буй монголчууд. Харласан нөхдүүд хулгай зэлгий хийж, элдэв хэрэг түвэгт орооцолддог. Дээрх улс орнууд монголын төрд ганцхан шаардлага тавьж байгаа. Ямар шаардлага гэвэл харласан хүмүүсээ эргүүлж тат, ядаж цөөл, бүр харласан иргэнгүй болго гэж. Энэхүү тавьж байгаа шаардлага нь үндсэндээ хариуцлагатай аялж, ажил гэсэн үг. Үүнийг л Америк, Солонгос, Япон, Швед нарын бусад улс орнууд хүсээд байна даа. Энэ шаардлагыг нь биелүүлбэл эдгээр улсуудад визгүй болно. Ердөө л энэ.

Ийм учраас монголын төр гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүстэйгээ тулж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүний үндэс нь монголын төр гадаадад байгаа монголчуудаа харласан, “шүдний өвчин” болтол нарийн зохион байгуулалтад орчихсон байна. Тэр бүү хэл Европын орнуудад аялал зохион байгуулдаг манай жуулчны зарим компанийн хөтөлбөрт “Парисын тэр гудамжны тэр газраас дэлхийн брэндийн бараануудыг 50 хувийн хямдралтай авч болно” гэж бичсэн нь монголчуудын хулгай хийж хураасан агуулахууд юм. Тэр агуулахуудад нь үнэхээр дэлхийд нэртэй брэндүүдийг манайхан хулгай хийгээд овоолчихсон, очсон монголчууддаа худалддаг сүлжээ. Энэ бол шившиг. Хууль бусаар амьдарч буй монголчуудын ил цагаандаа гарсан үйлдэл учраас дээрх хөгжилтэй орнууд болгоомжилж байна шүү дээ. Юун визгүй болгох. Ийм л учраас Америк, Солонгос, Япон, Швед, Англичүүд “Эхлээд иргэдээ эмхэлж цэгцлээдэх. Тэгээд визний асуудал ярья” гэсэн шаардлага тавиад байгаа юм.

Шаардлага ийм тодорхой. Манай Элчин сайдууд ямар эдийн засгийн том гэрээ хэлцэл хийж чадах биш. Тэдний ч буруу биш, жижиг орны Элчин сайдын зовлон. Ямар геополитикийн улс төрийн тоглолтод оролцох хэмжээнд байгаа биш. Тийм болохоор байгаа, байгаа улс орондоо хар, цагаан бүх иргэдээ нэг бүрчлэн тоолж, бүртгэлжүүлэх ажлыг л онцгой сайн хийж харалсан, харлаагүй бүгдийг нь алган дээрээ тавьсан юм шиг харж байх ажлыг хийх цаг нэгэнт болж дээ. Хүн нэг бүрээ олж авч, харласныг нь эх орон руу нь буцааж, зөрчилтэй нэгнийг нь хууль ёсны болгож, бүгдийг эмхэлж цэгцэлж авах ийм л ажлын гол дүн нуруу нь өөрөө 2020 онд хийгдэх Монгол улсын хүн амын тооллого боллоо. Одоо та нарын хийх хамгийн гол, чухал ажил энэ шүү. Ард түмэн ч үүнийг л хүсч байгаа. Энэ ажлыг 100 хувь хийж чадах аваас монголчуудын хүслэн болсон Америк, Англи, Солонгос, Япон... гэх мэт мөнгө олж болдог улс орон бүрд визгүй зорчих цаг хугацаа тун ойрхон байна. Монголчуудын маань амьдрал сэв хийгээд л явчихна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин