Монгол улсын Засгийн газраас татварын хуулийн шинэчилсэн төслийг өргөн барихаар төлөвлөөд байгаа. Ирэх сард эхлэх хаврын чуулганаар асуудлыг хэлэлцэхээс өмнө Засгийн газраас хэлэлцүүлэг явуулж бизнес эрхлэгчдээс санал авч байна. Тэгвэл Татварын хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.

1. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгоно.

 

2. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг л удаа татварын тайлан гаргах сонголтыг олгоно. Ингэснээр Зөрчлийн хуулийн зарим заалт хүчингүй болж байгаа юм. Тодруулбал тайлан хоцроох юм бол 4 000 000 төгрөг, нийгмийн даатгалын мөнгийг хугацаанд нь тушаагаагүй бол 2 000 000 төгрөгөөр торгодог заалтыг эргэн харах юм.


3. Татвараа төлөөгүй ААН-ийн банкны дансыг нь хаадаг байсныг болиулна.

 

4. Бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд, цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон бол татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгоно.

 

5. Гадаадын хөрөнгө оруулагчийн ноогдол ашигт 20% татвар суутгадаг байсныг 5% болгоно.

6. Иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

 

Татварын хуулийн төсөл яригдаж эхлэхтэй зэрэгцэх хадгаламжаас татвар авдаг нь буруу, үүнийг болиулах хэрэгтэй гэсэн санал гарч байна.

Мөн татварын энэ бодлого хэрэгжих юм бол адилхан хөдөлмөрлөж байгаа бусад ААН-үүдэд шударга бус байдал бий болгож байна, хуулийг төслийг батлах юм бол охин компани байгуулах замаар татвараас “мурих” хуулийн тогтолцоо бий болох вий гэсэн санал шүүмжлэл их байна.

Мөн Иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай гэдгийг иргэд хэлж байна.