Агаарын бохирдол хятад мөрөөдлийг аймшгийн зүүд болгож магадгүй
2014/01/14
Хятадын улс төрийн ухааны профессор Тао Сие утааны талаар CNN агентлагт бичсэн байна. Өмнө нь Бээжин хотыг Хятадын утааны нийслэл гэж нэрлэдэг байсан бол одоо Шанхай, Нанжин хотуудад утаа ихэссэнээс сургуулиуд ажиллахгүй болж, олон тооны нислэгийг хойшлуулсан мэдээ гарах боллоо. Утаан хөшиг Бээжингээс Шанхай руу тэлж байгаа юм. Өвөл цагт өтгөн утаанаас болж, харагдах орчин хязгаарлагддаг. Тийм учраас утаанаас үүдэн цаг алдаж, хоёр хотыг холбосон хурдны замыг гурван жил гаруй хугацаанд барьж дуусгажээ.
Бээжин болон ойр орчмын хотуудын оршин суугчид агаарын бохирдол, утаанд хэдийнэ дасч эхэлсэн аж. Харин өмнөд нутгийн иргэд утааны талаар их гомдол мэдүүлж байна. Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сард Шанхай хотын агаарын бохирдол нэмэгдэж, утаа ихэссэн талаар мэдээлэх нь их болсон. Шанхай хотын наймдугаар эмнэлгийн эмч Чен Фэнжуан утаа, агаар дахь хорт бодис нь зүрх судасны системийн болон амьсгалын замын эрхтнүүдийн өвчлөлийг үүсгэж байгааг бичжээ. Наймдугаар эмнэлэгт 2012 оны арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр амьсгалын замын өвчлөлөөр өвдсөн өвчтөнүүдийн тоо 96 хувиар нэмэгдэж, эдгээр өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний зардал 195 хувиар нэмэгдсэн аж.
Түүнээс гадна Дэлхийн банк болон Хятадын Байгаль орчныг хамгаалах газрын хамтарсан судалгаагаар жил бүр Хятад улсад 750 мянган хүн нас барж байгаагийн ихэнх нь агаарын бохирдол ихтэй томоохон хотуудын оршин суугчид байдаг гэжээ. Түүх сөхвөл бүр 19-р зууны үед Хятад улсыг “Зүүн Азийн өвчтэй хүн” хэмээн нэрлэж байсан нь гадаад орнуудын түрэмгийлэл, дотоодын зөрчилдөөнөөс үүдэлтэй гэнэ. Харин 2007 оноос хойш Бээжингийн агаарын бохирдол буураагүйгээр барахгүй хүрээгээ тэлж, утаанаас өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Гэсэн ч засаг захиргаа эдийн засгийн шинэчлэлт хийхийг гол ажлаа болгон анхаарч, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар зарим нэгэн санаачилгыг гаргасан аж.
Томоохон хотуудын иргэд агаарын бохирдлыг бууруулахгүй байгааг эсэргүүцэх болсноос Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сард “Агаарын бохирдлыг хянах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг ажлуудыг эхэлсэн байна. Төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг 2017 он гэхэд биелүүлэхийн тулд Засгийн газарт 1,75 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон. Энэ хөрөнгө нь Хятадын Засгийн газар 2008 онд эдийн засгийг дэмжих багц бодлогод зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их юм. Хятадын зарим албан тушаалтнууд Засгийн газрынхаа ДНБ-д төвлөрсөн эдийн засгийн өсөлтийн стратегийг зөвтгөхдөө Барууны орнууд шинэчлэлтийн эхний шатуудад “Нэгдүгээрт хөгжил, дараа нь байгаль хамгаалах” гэсэн загварыг баримталж байсныг хэлдэг. Энэ байдал нь үнэн хэдий ч барууны орнууд дараа нь байгаль орчноо хамгаалахын тулд хоёр дахин илүү хөрөнгө зарцуулжээ.
Одоо Хятадын албаны хүмүүс, эрдэмтэд хятад мөрөөдлийн талаар их ярьдаг болсон. Хятад мөрөөдлийн чухал амжилт бол хятадуудын материаллаг ахуй байдал сүүлийн 30 жилд анхаарал татахуйц хэмжээнд дээшилсэн явдал юм. Гэвч өнөөдөр хятадуудын хамгийн их мөрөөдөж байгаа зүйл бол цэвэр агаар, цэлмэг хөх тэнгэр болоод байна. Хэрвээ Хятадын Засгийн газар энэ мөрөөдлийг биелүүлж чадахгүй бол хятад мөрөөдөл аймшгийн зүүд болж магадгүй аж.
Н.ТУНГАЛАГ
Зочин · 2014/01/17
Hohi n ee hohi manai tomchuudiin hamaatanguud n vhej bga yum bna daa
Зочин · 2014/01/15
Аймгийн зүүд битгий хэл гамшиг болоод үхээд эхэлчихэж ураа. Ха ха
Зочин · 2014/01/15
goe goe