УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өчигдөр хийсэн байна.  Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн.  Тэдгээрээс хамгийн  ихээр анхаарал татаж, олны зэвүү дургүйг зэрэг хүргэж байгаа  зүйл бол “Улс төрийн намуудын тухай” хуулийг өргөн барихаар зэхэж байгаа явдал байлаа.  

 Тус хуулиар  УИХ-ын сонгуульд  суудал авч чадаагүй улс төрийн намыг татан буулгах гэнэ.  Монгол улсын  Үндсэн хуулинд  ард түмэн эвлэлдэн нэгдэх эрхтэй.  Энэ эрх нь  улс төрийн  нам байгуулахад ч гэсэн хамааралтай.   Тэгтэл иргэн бүрт олгогдсон энэ эрхийг  Ардчилсан нам олонх болонгуута боомилохоор завдаж байгаа нь Монголын улс төрийн түүхэн дэхь том хар толбо юм.

Өнөөдөр улс төрийн  нам нь хамгийн багадаа 800 гишүүнтэй.  Тэдгээр нь  гарын үсгээ зурж, нам байгуулах  холбогдох бичиг баримтыг  Улсын дээд шүүхэд өгснөөр  нэг нам “төрдөг”.  Тэгвэл Ардчилсан намаас өргөн барихаар зэхэж байгаа энэхүү хууль батлагдчихбал  намд харъяалагдаж байгаа 800 хүний үзэл бодлыг  үл хүндэтгэж уландаа гишгэж байгаа хэрэг болно.

Олонхи болсон  Ардчилсан намын  хувьд энэхүү бодлогогүй алхамаа “Эдгээр намууд сонгууль дөхөхөөр улстөрждөг, сонгууль болохоор улстөрийн шантааж хийхээс өөр бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй. Зарим нэг нам нь даргаасаа өөр гишүүнчлэл байдаг эсэх нь эргэлзээтэй юм байна. Тиймээс сонгууль болохоор улстөржиж, амь ордог улстөрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур  үр дүн дагуулна” хэмээн тайлбарласан.  

Ярианы хэллэгээр бол царай харж байгаа энэ үйлдлээ эрх баригчид үнсэн хуулиаа бодсон ч, ардчилсан нийгмийн үнэт зүйлсээ бодсон ч эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл  парламентад суудал авч чадаагүй  улс төрийн намууд нийт олонхийн эрх ашгийг хөндөөгүй нь үнэн. Хууль эрх зүйн чиглэлээс нь тайлбарлавал эвлэлдэн нэгдсэн олон  нийтийг үзэл одол, үйл хөдлөлөөр нь дарамталж болохгүй.
 Тус хуулийн олныг төөрөгдүүлж байгаа бас нэг асуудал нь улстөрийн намууд гишүүнчлэлтэй байх уу, гишүүнчлэлгүй байх уу гэдэг асуудлыг ч тодорхой болгохоор болоод байгаа юм.

Мордохын хазгай гэгчээр олон нийтийн зэвүү дургүйг зэрэг хүргэж байгаа энэхүү хуулийн төслийн ажлын хэсгийг татан буулгасан нь дээргүй юу даа Арлчилсан намын бүлгээ. Энэ хуулийн төслийг анхнаас нь хэлэлцэх шаардага байхгүй гэдэгт АН-аас бусад нь санал нэгдэх байхдаа.

Ганц энэ хуулйг батлах гэж олон хуулинд өөрчлөлт оруулах болно. Мөн олон хуулиа  зөрчих хэрэг гарна.  Ингэж иргэдийн эрхийг боомилж, Үндсэн хуулиа зөрчих шаардлага байхгүйг  анхаарна бизээ

А.Баярмаа