Олон Улсын Валютын Сан Монгол Улсад Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын арилжааны банкуудад шалгалт хийсэн ч Монголбанк одоог хүртэл уг шалгалтын үр дүнгийнх нь тухай мэдээллийг олон нийтэд танилцуулаагүй л байна.

Тэгвэл "Буян" компаний Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ энэ тухай өгүүлэв. Тодруулбал тэрээр: "Сая ОУВС банк санхүүгийн системд дүгнэлт хийж, тайлан гаргасан. Хамгийн муу үзүүлэлттэй хоёрхон банк л гарсан...Худалдаа Хөгжлийн банк тэргүүтэй... Яагаад гэвэл Худалдаа Хөгжлийн банк асар том том зээлүүд гаргасан. Эд нар дээр төрийн мөнгө ч байна. Өөрсдийнх нь авсан мөнгөнүүд ч хэвтэж байна. Замбараагүй зарчихсан. Хятадын своп зээл. Своп зээл гэдэг чинь нэг өдрийн зээл л байхгүй юу. Чи арван юаньтай, тэрийгээ Монгол руу хийх гэж байгаа бол арван юаньтай тэнцэх төгрөг болгож солиулна.Эсвэл чи Хятад явах гэж байгаа бол төгрөгөө юань болгоно. Тийм л зээл байхгүй юу даа. Тэгээд Хөдөө Аж Ахуй,Тариалангийн банкаар дамжуулаад манай хоёр банкинд өгчихсөн. Тэгээд тэр хоёроор нь байшин болсон болоогүй тавиад, бодвол хагас мөнгийг нь оффшорт аваачаад хийчихгүй юу даа тэр мөнгөнөөс авсан хүмүүс чинь. Тэгээд пээдэлзээд, гэв гэнэт баяжаад...Ингээд гурван миллиард доллартай тэнцэх өртэй хэвтэж байна шдээ. За тэгээд банкны өөрийнх нь мөнгө, “Голдмэн Сакс”-аас миний мэдэхийн ХХБ 500 сая доллар авсан.

Голомт өөр хаанаас байдаг юм мөнгө авсан. Гэтэл энэ банкууд дампуурчих юм бол Монгол улс дампуурна. Тэгэхээр энэ тайланг ард түмэнд ил гаргахгүй дараад сууж байгаа, Монгол банк. Гэхдээ энэ ч бас шударга биш байна шд. Харин ч ил гаргаад энэ банкуудаа аврах ёстой байхгүй юу. Тэр муу өр зээлүүдийг нь шударгаар гаргаж тавиад. Тэгэхгүй энийг дарснаараа яаж байна, хариуцлагагүй байдлыг л улам өөгшүүлээд, цаашаагаа явуулж байгаа хэрэг байхгүй юу." хэмээсэн юм. 

 

П.Энхмандах

sonin.mn