Ингэж асуумаар санагдаад байгаа юм. Хэнд ч ойлгомжтой мэт санагдах хэдий ч өнөөдрийн бодит нөхцөл байдал дээр Монгол компаниуд өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ тээвэрлэлт хийж чадахгүй байна.Тэдэнд тийм эрх алга.Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монголчуудыг гадуурхдагтай холбоотой. Жишээлбэл, дорнод Монголын их хязгаарт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийнхан гэхэд Монгол компаниудад ажил олгох битгий хэл ойртуулах ч үгүй байна. Тэд өдөр бүр бидний газар доорх баялгийг тонн тонноор нь урагшаа хил давуулан зөөж байгаа мөртлөө Монголчуудыг элдэв шалтгаанаар үйл ажиллагааны гадна үлдээдэг юм билээ. Оны өмнөхөн л гэхэд “Түүхий газрын тосыг улс хооронд тээвэрлэх” сонгон шалгаруулалт зарласан мөртлөө дотоодын давуу эрхтэйгээр өрсөлдсөн ганцхан компанийг тойрч бусадтай нь хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Яагаад заавал ганц компанийг үлдээв гэхээр шалтгаан нь ердөө л Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учраас. Уг нь бол дотоодын аж ахуйн нэгж гэдэг утгаараа хамгийн түрүүнд хамтран ажиллах гэрээгээ байгуулаад тээвэртээ явж байх ёстой байлаа. Гэтэл тийм байж чадсангүй. Харин ч эсрэгээрээ Монгол Улсад бүртгэлтэйгээс болоод ад шоо үзэгдэн өнөөдрийг хүртэл ажилгүй сууж байна. Ийм нөхцөл байдалтайг холбогдох яам, төвүүд мэдсээр байж таг дуугүй сууж байгааг юу гэх вэ. Дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих ёстой төрийн бодлогын дагуу арга хэмжээ авах ёстой. Гэтэл Авто тээврийн үндэсний төвийнхөн “Наад компани чинь танай бүх шаардлагыг биелүүлж байгаа юм байна. Тиймээс хуулийн дагуу хамтран ажиллана уу" гэж гуйсан аястай ганц хуудас албан бичиг өгөөд л үүргээ биелүүлсэн гэж бодсон бололтой таг чимээгүй болчихож. Угтаа бол нэгэнт холбогдох хууль нь бэлээхэн байгааг ашиглан үүргээ биелүүлэхийг хатуу шаардаж баймаар юм. Бүр цаашлаад тодорхой хугацаанд зөрчлөө арилгахыг сануулаад хэрэв биелүүлэхгүй бол хуулийн хатуу чанга арга хэмжээ авах тухай ч ярьж болох бус уу. Хэрэв ингэж ажиллаж чадвал Монгол аж ахуйн нэгжүүд ажилтай болж чадах байлаа. Яагаад дотоодын компаниа дэмжээч гээд байна вэ гэвэл тэд чинь наанадаж татварт хэдэн төгрөг төлж таараа шүү дээ. Цаашлаад хэчнээн ажлын байр бий болгох вэ. Нэг компани дор хаяж арван жолооч, таван аж ахуйн ажилтантай байлаа гэхэд цаана нь Монгол Улсын зуун иргэнийг тэжээгээд байх юм. Ийм болохоор аливаа сонгон шалгаруулалтад гадны этгээд оролцох эсэхийг тусгайлан шийддэг. Бас дотоодын давуу эрх гэж нэг заалт яагаад байдаг вэ гэвэл тухайн орон нутгийнхныг ажилтай төрөлтэй, цалинтай орлоготой байлгахын тулд тендер бүрт зориудаар тийм заалт оруулдаг болсон, Үүнийг гадны хөрөнгө оруулалттай, Монголын баялгийг цөлмөж буй компаниуд ойлгохгүй байж мэднэ. Харин хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой төрийн байгууллага гэж байдаг бол үүнд анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ. Тэгэхгүйгээр энэ байдлаараа цааш яваад байвал гадны компаниуд өрмийг нь хусамтай нь хамдаг болох нь байна шүү.

Б.Зориг