“Mэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэнд урьж байна
2018/04/02
Энэ сарын 1-ний өдрөөс 10-ныг дуустал 10 хоногийн хугацаанд Тэнгис кино театрын замын урд талд байрлах UB INN hotel & gallery -ийн үзэсгэлэнгийн танхимд зураач П.Тулгын “Мэдрэмж-34” уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
Тус үзэсгэлэнг П.Тулгын нэрэмжит сангаас зохион байгуулж байгаа бөгөөд уран бүтээлчийн мэндэлсэн өдөр нь буюу 4 дүгээр сарын 8-ны өдрийг тохиолдуулан түүний амьд сэрүүн байхдаа туурвиж бүтээсэн олон бүтээлүүд дундаас 34 бүтээлийг нь олон нийтэд анх удаагаа толилуулж байгаа юм.
Зураач Пүрэвжавын Тулга нь усан будгийн төрлөөр бие даан тууштай мэргэшиж, Улаанбаатар хотын амьдрал тэр дундаа хотжилтын процесс, түүнд дасан зохицож амьдарч буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээл түлхүү бүтээж байв.
Усан будаг нь усанд уусахдаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлэхийн хамт өнгөний нарийн шилжилтийг бий болгох бөгөөд зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал юм.
Урлаг сонирхогч, Улаанбаатар хотдоо хайртай хүн бүхнийг богинохон боловч дүрэлзсэн гал шиг амьдарсан залуу уран бүтээлчийн 34 өөр мэдрэмжтэй танилцаж, хотын иргэд бидэнд зориулсан бус бидний тухай өгүүлэх бүтээлээр мэлмийгээ баясгахыг урьж байна.
П.Тулгын зурсан уран бүтээлээс гурван зураг, гурван өөр мэдрэмжийг та бүхэнтэй хуваалцъя.
1. Энхтайваны гүүр
Улаанбаатар хотын нэгэн хэсгийг дүрслэхдээ гурван чухал элементийг оруулсан нь цаад агуулгаараа ач холбогдлыг нь бодож оруулсан болов уу. Кран /өргөгч цамхаг/ харагдах нь энэ хотын эдийн засаг эрчимжиж, бүтээн байгуулалт явагдаж байна гэсэн өөдрөг өнгө төрхийг харуулна. Харин нааш чиглэлтэй тролейбус нь нийтийн тээврийн өнгөрсөн үеийн төлөөлөл болохын хувьд хуучныг дурсах сэтгэл төрүүлнэ. Өмнөх түүхтэй хот шүү гэдгийг илтгэх мэт. Харин нааш чиглэн алхаж буй залуу манай хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг "залуу улс" шүү тэр дундаа "залуус ихтэй хот" шүү гэдгийг илтгэх мэт. Найдвар /кран/, түүх /тролейбус/, залуу үе гурвыг их хөнгөхөн гурван шигтгээгээр илэрхийлжээ.
2. Явган зорчигчид Улаанбаатарыг "эзэлсэн нь"
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулдаг “Авто машингүй өдөр” уран бүтээлчийн сонирхолыг маш их татдаг байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тусгайлан судалгаа хийсэн байдаг. Хот судлалын томоохон зүтгэлтэн Жэйн Жэйкобсын /Jane Jacobs, urban activist/ дэвшүүлэн тавьж дэлхийн мега хотуудын хот төлөвлөлтөнд нэвтэрсэн "Хот иргэдийн мэдэлд, иргэдэд үйлчилдэг, тэдэнд нээлттэй байх" зарчим Улаанбаатар хотод зөрчигдөж байгаад уран бүтээлч маань шүүмлэлтэй ханддаг байсан нь түүний уран бүтээлүүдээс мэдрэгддэг. Явган иргэд хотын гудамжаар "эрх дураараа" алхаж, дугуй унаж байгаа нь энэ хотын иргэд эдлэх ёстой эрхээ эдэлж, гудамж талбайдаа эргээд эзэн суусан мэт санагдаж энэ нэрийг өгсөн болов уу. Энэ өдөр уран бүтээлчид маань гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн болохыг энэ сэдвээр хэд хэдэн уран бүтээл хийсэнээс харж болно.
3. Баллерина
Арьсны өнгийг бор туяа оруулсанаар, уруулыг нилээн зузаанаар дүрсэлсэн нь уран бүтээлч дан цагаан арьстай, нимгэн уруултай эмэгтэй баллeтчдын тухай стeрeотип ойлголтыг эвдэх гэж оролдлого байв уу? Нэг төрлийн мэргэжлийн хүмүүсийн түгээмэл төрхний ард төдийлөн харагддаггүй байсан хувь хүний онцлого дүр төрхийг ийнхүү зоригтойгоор харуулсан байна.
Пүрэвжав овогтой Тулгын товч намтар
(1983 – 2017)
1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Англи, Вьетнам хэлний мэдлэгтэй.
Боловсрол:
2001 онд 10 жилийн 50 дугаар дунд сургууль төгссөн.
2001 – 2006 Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Технологийн Их Сургуулийг үйлдвэрлэлийн урлалын чиглэлээр суралцсан
2006 – 2008 Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг уран зураач мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
Ажлын дадлага, туршлага:
2008 – 2012 Чөлөөт уран бүтээлч
2012 – 2016 онуудад барилгын интерьер, дизайны чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос улсад ажлын туршлага хуримтлуулсан.
2016 оноос хойш усан будгийн төрлөөр бие даан тууштай мэргэшиж, Улаанбаатар хотын амьдрал тэр дундаа хотжилтын процесс, түүнд дасан зохицож амьдарч буй хүмүүсийн түүхийг харуулсан бүтээл түлхүү бүтээж байв.