Ганц сум гарздалгүй, ганц амь золиослохгүйгээр Монголыг эзлэн түрэмгийлэх урд хөршийн хэдэн зууны настай бодлого Орост өөрчлөн байгуулалт өрнөж, хойд хөрш задрахтай зэрэгцэн идэвхжив. Хойд зүгт орос баавгай хүч алдан унахад урд зүгээс хятад луу монголчуудыг залгихаар амаа ангайсан хэрэг.

Эдүгээ Хятадын хар хайрцагны гэх энэ бодлого харьцангуй ил тод болсон. Тэдний "Со Ху" хэмээх томхон мэдээллийн сайт, телевизийн бэлтгэсэн "Монголчууд Хятадад дагаар орох хүсэлтэй байна, тэд Оросыг даган, дундад улсаас салсандаа гэмшиж байна" гэсэн утгатай "Түүх сөхөхөд" нэртэй баримтат гэх кино маягийн бичлэг сошиалд тавигдаад жил өнгөрлөө. Олонх нь үзсэн байх. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль өмнөд хөршийнхнийг үзэн яддаг монголчуудын үзэл хэвээр байгааг нотлов. Тиймээс ч монголчуудыг Хятадад хайртай болгох технологи хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин өнгөрсөн намраас хэрэгжиж эхэлсэн. Бүх телевизээр Хятадын сериалууд ээлж дараалан гарч, хятад хоол, хятад залуус, хятад үзэл сурталд дурлуулах аян нэгдсэн журмаар өрнөлөө.

Хятад эзэдтэй FM радионууд олноор байгуулагдлаа. Өдөр тутмын зарим сонин хятад зохиолуудад зай талбай хайрлахаа больж, МҮОНТВ зарим хятад олон ангит киног HD форматад хүч цаг хайрлалгүй шилжүүлэн, зун намрын турш үзэгчдээ балбахаар зэхэж байна. Хятадын үзэл сурталд цаг, зай гаргаж өгснийх нь төлөө нэр бүхий улстөрчдөөр дамжин орж ирсэн том мөнгө Монголын хэвлэл мэдээллийнхний хэтэвчинд орсон гэх юм билээ. Сошиал орчинд ч Хятадыг шүтэн бишрэх хандлага илт давамгайлав. Хүүгээ их сургуульд сургах гэж насаараа зүтгэсэн хятад тариачин аав, олон км газраас сургуульдаа алхаж очдог хятад мөсөн хүү...за больчихъё зүгээр. Говь-Алтайн Чандмань сумд охиноо Азийн самбо бөхийн тэмцээнд оролцуулах гэж насаараа зүтгэн ажиллаж буй галч монгол аав байж л байна. Сумын төвд байдаг сургуульдаа өвөлжөө хаваржаанаасаа хэдэн км алхаж ирдэг монгол жаалуудыг яах уу? Тэднийгээ шүтэн биширч, гайхан алмайрцгаая л даа. Саяхнаас Төвд гэдэг харгис бурангуй, хоцрогдсон улс байсан тухай цацагдаж эхэллээ. Хятадууд Төвдийг эзлэн хураасан нь зөв гэсэн мессэж ард нь уншигдаж байна. Дахиад 50 жил өнгөрөхөд Монгол гэж ядуу, хөгжилгүй улс байсан, Хятадад дагаар орсон нь зөв алхам гээд мань мэтийн зургийг бас ингээд нийтлэх үү?

Монгол Улсын Ерөнхий сайд өмнөд хөршид айлчлах үед " Агуу гайхамшигт Хятадад дагаар орох өргөх бичгээ барилаа" гээд хүчтэй мэдээллийн агентлагуудаараа дэлхий даяар хэд хоног бөмбөгдүүлэхэд л Монгол газрын хөрснөөс арчигдсан мэт хүнд нөхцөл байдал үүснэ. Энэ бол оюун санааны эзлэн түрэмгийлэлт. Үзэл суртлын дайн. Далд өрнөөд удсан энэ эзлэн түрэмгийлэлт ичих нүүргүйгээр ил тод болж буй нь энэхүү хэвлэл мэдээлэл, соёл урлагаар дамжуулан бодлогоор хийж буй дайралт. Монгол гэж улс байхгүй, Хятадын нэг хэсэг гэж дэлхийн тархийг угаахад ч тэд бэлэн байна. Ямар үед энэ мэтийн хар хайрцагны бодлого ил тод, нуух хаах юмгүй, ичгүүргүй болдог гээч.

Стратегийн хувьд атгах ёстой хөзрөө атгачихлаа гэж үзсэн үедээ л хар хайрцагны бодлогоо ийнхүү бүх үйлдлээрээ зарладаг. Өнөө маргаашгүй эх оронгүй болох гэж байж юун өөр хоорондоо хэмлэлдэх вэ? Эв нэгдэл, их ухаан, эрч хүч өнөөдрийн монголчуудын зэвсэг. Хориотой Монголын сүүлчийн монгол цустай Ерөнхийлөгч Баттулга, сүүлчийн монгол ястай Ерөнхий сайд Хүрэлсүх байсан гэж үү? Түүх энэ хүрээд төгсөх байсан юм уу? Энэ асуултанд хойч үеийнхэн маань бус, бид хариулах ёстой! Эхээс өвлөсөн цусанд чинь Монголын эд эс урсаж, эцгээс удамласан ясанд чинь Монголын хэлтэрхий байгаа л бол эх орноо бүтэн авч үлдэхийн тулд эрх ашгуудаа мартаад, эвтэй хүчтэй байх цаг иржээ.

Р.Эмүжин