“Монгол хэлний тухай” хуулийн төсөлд нэмэрлэх санал
2014/01/15
“Монгол хэлний тухай хууль”-ийн төсөл, уг хуулийн төслийн үзэл баримтлалын тухай цахим хуудсанд байршуулсан эх бичвэрийг өчигдөр гүймэгхэн харж, анх төрсөн сэтгэгдлийн хэмжээнд хэдэн санал хэлье үү гэж бодож байна.
“Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж “Монгол хэлний тухай” хууль буй болгохоор анхны хэлэлцүүлэгт зориулсан эхний хувилбар нь харьцангуй чамбай боловсруулалттай болсныг талархан тэмдэглэхийн ялдамд энэхүү хуулийн төслийг улам сайжруулах чиглэлээр шүүмжлэлттэй хандаж байгааг ойлгохыг хүсье.
Юуны өмнө энэ хууль маань “Монгол хэлний тухай хууль” учраас бусад хуулиас нэн өвөрмөц юм. Гэтэл хуулийн төслөөс харахад нөгөөх л загварчлагдсан хуулийн модон хэл, мохоо хэллэгээр дүүрсэн, төрийн байгууллагын нүсэр шат дамжлагыг бүгдийг нь хамрахыг хичээсэн, төрөлх хэлний хөгжлийг төрийн байгууллага жолооддог юм шиг үзэл баримтлалтай төсөл болсон юм шиг надад санагдлаа. Зүй нь УИХ-аас батлагдан гарч буй хуулиудын боловсруулалтад шинэчлэл авчирсан, жинхэнэ монгол хэл, монгол сэтгэлгээ бүхий жишиг хууль байх ёстой гэж энэ хуулийн төслийн ач холбогдлыг өргөн бодож байна. Яагаад гэвэл энэ хууль монгол хэлний тухай хууль юм. Тиймээс чамбай сайн хууль гаргахгүй юм бол хагас бүтээгдэхүүн шиг хагас зохицуулалттай “Төрийн албан ёсны хэлний тухай” хууль шиг дутуу дулимаг, зохицуулалт муутай хууль гаргавал шид болно. “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулах хэмжээнд сэтгэж, тэр хүрээнд эргэлдээд түүнийгээ “Монгол хэлний тухай” хууль гэж нэрлэвэл хууль биш гууль болно. Тиймээс “Монгол хэлний тухай” хуулийг шинэчилсэн найрууллагын түвшинд бус цоо шинээр боловсруулж, батлуулах нь зүйд нийцнэ гэж бодож байна. Миний хэлэх гэсэн эхний санаа энэ юм. Хоёр дахь санаа бол төрөлх хэлний тухай хуулийн орчинд жинхэнэ монгол хэл, хэллэг, сэтгэлгээ бүхий жишиг хуулийг гаргах ганц боломж чухам энэ хуульд байна гэсэн санаа юм.
Хуулийн төсөлд бодлого талаасаа алдаатай гэмээр хэд хэдэн зүйл ажиглагдаж байна. Тухайлбал, “Хуулийн зорилт нь монгол хэлийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийнхаа зорилтыг тодорхойлжээ. Хууль маань гурван хүрээнд буюу хэлийг хэрэглэх, хэлийг хамгаалах, хэлийг хөгжүүлэх түвшинд үйлчлэх юм байна. Энд л алдаа байгаа юм. Монгол хэлний хөгжлийг хуулиар хөгжүүлнэ, тэр тусмаа төр хуулиар зохицуулна гэсэн энэ санаа үнэхээр тэнэг санаа. Монгол хэл үүссэн цагаасаа өнөө хүртэл мянга мянган жилийг туулахдаа өөрийн хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжиж ирсэн. Түүнийг нь энэ үеийнхэн төрийн хуулиар хашиж, хөгжлийг нь жолоодох, зохицуулах гэж байгаа юм шиг санаа яалт ч үгүй энд байна. Хэлийг хэзээ ч төрийн хуулиар хөгжүүлэхгүй. Харин төрийн үүрэг бол төрөлх хэлний хэрэглээ, түүний дархлаажуулалт, ялангуяа төрөлх хэлний боловсролыг боловсролын байгууллагаараа дамжуулан ард иргэддээ хар бага наснаас нь олгох, оролцох төрийн үүргийг хуулиар зохицуулах нь арай амьдралд ойрхон, хэрэгжих боломж бүхий зорилт болж хувирна. Тиймээс хуулийнхаа анхны өгүүлбэр болох “Хуулийн зорилт”-оосоо эхлэн төслөө бүхэлд нь эргэн хараач ээ гэж хэлэх байна.
Бодлого талаасаа миний хувьд алдаатай гэх юм уу, тодорхой бус гэж бодож байгаа бас нэг зүйл бол хуулийн төслийн 2.2-р заалт юм. Тэнд “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн байгаа. Үүнийг шууд хасах хэрэгтэй. “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж чухам юу хэлээд байна вэ? Ер нь монгол хэлний тухай хуулийн заалттай зөрчилдөх олон улсын гэрээний заалт гэж ямар юм байдаг юм. Хэрвээ тийм юм байдаг бол харин ч тэд Монгол хэлний тухай Монголын хуулийг дагаж мөрдөх ёстой юм биш үү. Энд хууль болгон дээр байдаг нэг ийм хэвшмэл хэллэг, зарчмыг авчраад наачихсан нь энэ хуулийн тухайтад зарчмын хувьд нийцэхгүй байна гэж хэлмээр байгаа юм.
Үүнтэй холбоотой бас нэг тодруулмаар заалт 6.5-д байна. Тэнд “Монгол Улсын байгууллага, иргэдээс гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ хэлэлцээрийг гадаад хэлээр давхар үйлдэх нөхцөлд монгол хэл дээрх хувь нь гадаад хэл дээрх хувийн нэгэн адил хүчинтэй байна” гэж бичсэн байгаа. Гүйлгэн харахад боломжийн мэт боловч монголын өнөөгийн хөрсөн дээр өөр утгаар ойлгогдохоор байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын хувьд үнэндээ тэдний бичсэн тулгалтын гэрээг үндсэн эхээ болгож байгаа өнөөгийн дүр төрх энд туссан нь тодорхой харагдаж байна. Байдал үнэндээ ийм байгаа нөхцөлд Монгол Улсын байгууллага, иргэдээс гадаадынхантай хийж буй гэрээ хэлцлийн үед хоёр хэл дээрх гэрээ адил тэгш эрхтэй байх нь зүй боловч орчуулгын болон техникийн, бодлогын алдаа гарсан тохиолдолд монгол эх дээрх хувь нь давуу эрхтэй байна гэсэн санааг оруулмаар ч юм шиг санагдсанаа хэлье.
Бодлогын хувьд бас нэг хэлүүштэй зүйл бол 7-р зүйл буюу “Бичиг үсгийг сонгон хэрэглэх” гэсэн гуравдугаар бүлгийн үзэл санаа юм. Хамгийн маргаантай, хэрэглээ талаасаа төр оролцох ёстой зүйл бол бичиг үсгийн сонголтын асуудал юм. Гэтэл энд монгол төрийн хар хайрцагны бодлого гэж өлгөж авахаар өөдтэй зүйл үнэндээ алга. Өнөөгийн энэ хуулийн төслийн зохицуулалтаар бол кирил үсгийн албан ёсны хэлтэй, уйгаржин монгол бичгийн урамшууллын маягийн бодлоготой, латин үсгийн загварчилсан дүрэм бүхий цахим хэлтэй монгол болж хувирах юм байна. Нарийвчлан үзвэл кирил бичгийг төрийн бодлогоор дэмжин цаашид авч явах, уламжлалт бичиг буюу уйгаржин бичгийг заах боловч тэр нь үсрээд төрийн албанд ороход шалгалт өгөх хэмжээний төдий хэрэглээтэй, одоо ид хүчээ авч буй цахим орчин латин үсгээр үсрэнгүй хөгжих ийм л ирээдүйн дүр зураг хуулийн төслөөс үзэгдэж, үнэртэж байна. Зүй нь алс хэтдээ кирил бичгийг аажим аажмаар халж үндэсний босоо бичгээ өвлөн авах бодлогыг тодорхойлох нь “Монгол хэлний тухай” хуулийн үндсэн чиг, алсын хараа, амин зорилт баймаар санагдах юм. Монгол эх бичгээ сэргээх, төрийн бодлого болгох гэсэн үе үеийн сэхээтнүүдийн мөрөөдөл энэ хуулийн энэ заалтаар үгүй болох юм биш биз гэх сэжиг төрж байна.
Худам монгол бичгээ бичиг цаас, албан харилцаанд хэрэглэж байгаа ч юм шиг, тэгснээ нийтийн хэрэглээнд үл хэрэглэхийг дэмжиж байгаа ч юм шиг, ерөөс монгол бичгийг өв соёлын өнгөн талын үзмэр шиг болгож орхих хуулийн ийм цоорхой гарвал энэ хууль бүхэлдээ үнэ цэнгүй зүйл болж түүхэнд үлдэнэ.
Энэ мэтээр хуулийн төслийг гүймэгхэн уншихад олон шүүмжлэлт санаа бодогдож байна. Шаардлагатай гэж үзвэл тэр бүхний нэг бүрчлэн бичиж өгч болох юм.
Төгсгөлд нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд твиттер, фейсбүүк зэрэг өнөөгийн цахим ертөнц энэ аялгуу сайхан монгол хэлийг маань махны машин шиг хэрчиж, алтны ченжүүдийн ухсан огтоны нүх шиг болгон сэндийчэж байна. Гэтэл цахим орчинд латинаар бичихийг хуульчлах гэж байгаа нь дайран дээр давс хийсэн юм шиг болно. Цахим орчинд өнөөгийн монгол хэл нүд ирмэхийг зуур мэт энэ хэдхэн жилийн дотор яаж эвдэрч байгааг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад зориуд судалж дүгнэлт гаргаж, түүнээ хуулийн төсөлд нэн тодорхой оруулаач гэж хичээнгүйлэн гуйх байна.
Монгол хүн байгаа цагт монгол хэл байсаар байх болно. Монгол хэлний хэрэглээ, дархлаа, ард нийтийн боловсрол төдийгүй туурга тусгаар Монгол Улсын үндэсний оюун соёл, нэгдмэл байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон төрөлх хэл маань энэхүү хуулийн орчинд ямагт ариун байхаар хуульчлагдах болтугай гэж ерөөе.
Ү.Хүрэлбаатар
Зочин · 2014/11/17
маш их таалагдаж байна. Үнэхээр үнэтэй саналуудыг тусгасан байна. Гадаад хэлнээс илүү монгол хэл бичгээ дээдлэх нь зүй ёсны хэрэг гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.