Сэрэмжлүүлэг: Он гарсаар 140 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 416 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ
2018/04/03
Хүүхдээ том болсон гэж бодолгүй алхам тутамдаа анхаарч байх шаардлагатайг илтгэсэн тоон баримтуудыг хүргэе.
Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны эхний улирлын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ.
Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор нэг сарын хугацаатай “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.
Та хүүхдийнхээ хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг мэдэх үү? Мэдэхгүй өнгөрч, хайхрамжгүй хандснаас болж нэг хүүхэд өчигдөр амь насаа эрсдэлд оруулсан байна. Тодруулбал, өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуус ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурч байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоожээ.
Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхддээ үнэтэй гар утас бариулах болсон. Энэ нь хүүхдийг гэмт хэргийн хохирогч болгох суурийг тавьж байна. Тухайлбал, өнгөрөгч бямба гарагт Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт 11 настай, Т гэгч хүүгийн гар утсыг үл таних залуу “утсаар чинь яриад өгье” гэж залилан авч явсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хүү багагүй үнэтэй гар утас хэрэглэдэг байжээ. Хүүхдэд үнэтэй ухаалаг гар утас хэрэглүүлэх нь түүний сурч боловсрох цаг хугацаанаас хумслаад зогсохгүй, түүнийг аливаа таагүй нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болгох эрсдэлтэй. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ гар утасны хэрэглээг зохих түвшинд хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.