Замын-Үүдэд терминалын аж ахуй биш балгас хүлээж авах уу, Зам тээврийн сайд аа!
2018/04/04
Хоёр хөршийн төмөр зам Монголын хилийг тойрон аялж, хэдэн зуун км-ээр өргөжин тэлж байхад Монголын төмөр зам урагшлахаа болиод бараг арван оны царайг харах гэж байна. Төмөр замын төсөл хөрөнгө мөнгөгүйн зовлонд биш олз олох гэсэн эрх мэдэлтнүүдийн шуналаас болж зохиомол саадтай тулгарч байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз.
Энэ төслөөс хөрөнгө завшсан, төсвийн мөнгийг салхинд хийсгэж байгаа нэгэн баримт бидэнд байна.
Монгол Улсын өмнөд хилийн олон улсын төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, Ази-Европын чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн сүлжээний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой хэмээн өөдрөгөөр тодорхойлсон “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/0240 төсөл”-ийн тухай дуулаагүй хүн цөөн байх. Хамгийн сүүлд 2017 оны аравдугаар сард Засгийн газар энэ байгууламжийг 2018 онд ашиглалтад хүлээн авна гэж мэдэгдсэн байгаа.
Анхны тооцоогоор 2012 оны нэгдүгээр сараас 2016 оны нэгдүгээр сар хүртэл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжиж дуусна хэмээн эхлүүлсэн энэ төсөл яст мэлхийн хурдаар урагшилж байгаа юм. Төсөлд зарцуулах олон тэрбум төгрөгийг эрх мэдэлтнүүд дундаас нь завшсаар энэ онд Засгийн газар нооройж салбайсан, ашиглая гэхээр ашиглаж болохгүй, орхих гэхээр орхиж болдоггүй бас нэг балгастай болохдоо тулчихаад байгаа аж.
Төслийн нэгжийн ажлыг одоогийн Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2012 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн гаргасан тушаалаар эхлүүлж байсан түүхтэй. Энэ үед тус яамны сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан юм. Тэд төслийн нийт өртгийг 71.6 сая ам.доллараар батлаж, Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын зээл, мөн Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар байгуулахаар тогтсон байв. Үүн дээр манай Засгийн газар 36.5 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж 24 цагийн үйл ажиллагаатай, хоёр ээлжээр ажилладаг, Хятадын талаас хоногт 1000 вагон буюу 20 галт тэрэг хүлээн авч ачилт, буулгалт, шилжүүлэлт хийдэг ложистик төвтэй болно хэмээн амлаж байв.
2012 оны 12 дугаар сард тус төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар Австралийн “SMEC” компанитай гэрээ байгуулж, зөвлөх үйлчилгээ авчээ. Энэ компани гэрээнд зааснаар тухайн төслийн бүх зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлэхээс дуусах хүртэл хяналтын үүрэг хүлээх болж, гэрээг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга баталсан байдаг юм.
Гэвч 2013 оны аравдугаар сард төслийн барилга байгууламжийн зураг төсөлд асуудал үүсч Австралийн компани тусгай зөвшөөрөл авалгүйгээр ложистикийн зураг төслийг боловсруулж байсан нь илэрчээ. Гэвч тэд зураг төслийн мөнгөний 30 хувийг авч амжсан төдийгүй Монголын Засгийн газрыг үүргээ биелүүлээгүй гэж Арбитрийн шүүхэд өгөөд Улаанбаатар дахь салбараа хаачихсан байна.
Төсөл ингээд 1.5 жил зогссон бөгөөд Монгол Улс 5.9 сая ам.доллараар хохирсон байх юм. Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилготой, ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, ложистикийн үйлчилгээг бий болгох төслийн ажил энэ хүрээд бүдэрч, Засгийн газар их хэмжээний хохирол амссан. Гэвч тусгай зөвшөөрөлгүй Австралийн компаниар ажил хийлгүүлсэн ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга огт хариуцлага хүлээгээгүйгээр үл барам өдгөө дэвшээд тус салбарынхаа сайдын сэнтийд тухалж байна.
Хэдийгээр Засгийн газар төслийн ашиглалтад орох хугацааг 2018 он гэж зарласан ч хугацаа нь энэ онд дахин сунгагдах магадлалтай болчихоод байгаа. Таны ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа гарын үсэг зурж баталгаажуулсан төсөл яг одоо ийм янзтай, яст мэлхийн хурдаар урагшилж байна, Ж.Бат-Эрдэнэ сайдаа!
Төслийн ажил 2012 оноос хойш ихээхэн зовлон туулж, хуучирсан эд бараа шиг нооройж, Засгийн газар ложистикийн төвөө ашиглалтад оруулдаг юм аа гэхэд балгаснаас өөрцгүй эд болохдоо тулчихаад байна. Харин Та юу бодож байна, Зам тээврийн сайд аа!
2012 оны долдугаар сарын 27-ны өдөр ЗТАЖЯ-наас, бүр таны баталсан төслийн ерөнхий төлөвлөлтөд 2013 оны дөрөвдүгээр сард өөрчлөлт орсон бөгөөд ингэхдээ ложистикийн төвийн үндсэн обьектууд хасагдсан байгааг Та мэдэж байгаа юу. Мөн төмөр зөмын барилга угсралтын ажлын тендерийг зарлахдаа 11.5 км замаас 4.0 км төмөр замын ажлын зураг болон төвсийг орхигдуулан зарласан. Үүнээс болж нэг зөрлөгийн зам, хоёр суман шилжүүлэг, хоёр холбох замын ажил орхигдчихоод байгаа. Энэ мөнгө хэний халаас руу орсон бэ гэдэг сонин.
Үүнээс гадна ложистикийн төвийн галын усны, цэвэр бохир усны болон дулааны усны шугам хоолойн ажлуудын зураг алдаатай хийгдсэн. Краны төмөр замын суурийн ажлын зургийг даацгүй суурийн зургаар орлуулсан байгаа. Санаатай байх магадлалтай гэж үзэж болох эдгээр шалтгаануудаар гэрээнд олон удаа өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, CW2015/40 дугаартай, 33 сая. ам долларын барилгын ажлын гэрээнд нийтдээ 4.3 сая ам.долларын өөрчлөлт орчихоод байгаа юм.
Засгийн газрын 2018 онд ашиглалтад оруулна хэмээн амлаж буй ложистик төв төрөл бүрийн ачаа буулгаж, хадгалах, ачих зориулалттай задгай болон битүү, дулаан агуулахгүй, вандан кранаар буулгасан чингэлэг болон хүнд машин механизмуудыг талбайд зөөж байрлуулах дугуйт крануудгүй, вагоноос вагон руу ачаа шилжүүлэх тавцангүй. Мөн вагоноос машин руу ачаа буулган шилжүүлэх тавцангүйгээр баригдаж байна. Үүнийг Та мэдэж байгаа юу, сайд аа!
Таны анх гэрээг нь үзэглэж байсан ложистик төвийн хөрөнгө энэ мэтээр үр ашиггүй үрэгдэж, төв ашиглалтад орж гэмээнэ бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйг мэргэжлийнхэн дуулгаж байна. Тэгээд ийм хагас ажиллагаатай, хөрөнгө нь тоногдсон, бүрэн хүчин чадлаараа ажиллах ямар ч боломжгүй, төсвийн хөрөнгийг салхинд хийсгэж боссон байгууламж нэртэй балгасыг Та арай ашиглалтад хүлээн авах гээд сууж байгаа юм биш биз?
Үргэлжлэл дараагийн дугаарт