Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй
2018/04/04
Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл өчигдөр зарим сайтууд болон олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Нийслэл хотод энэ сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарсан аж. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгааг албаныхан санууллаа. Иргэдийн саналыг энэ сарын 15-ны өдрийг хүртэл Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авах юм.