Иргэд гадаад паспортын үйлчилгээг 10 цэгээс харьяалал харгалзахгүй авдаг болно
2018/04/04
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүртгэлийн хэлтэст гадаад паспорт шинээр захиалах, олгох үйлчилгээг шилжүүлэх болсон талаар өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-аас мэдээлэв.
Гадаад паспортын захиалгыг зөвхөн ОӨУБЕГ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарт авч байгаа. Энэ нь дараалал, хүлээлт үүсгэх зэргээр иргэдэд чирэгдэл учруулдаг тул энэ сарын 09-нөөс төвийн зургаан дүүрэг буюу Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын энгийн болон яаралтай захиалга авдаг болох аж. Ингэснээр иргэд ОӨУБЕГ-аас гадна 10 цэгээс харьяалал харгалзахгүйгээр гадаад паспортын үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Улсын бүртгэлийн байгууллага 2015 онд 286 мянга 862 иргэнд үйлчилж байсан бол 2017 онд 350 мянга 421 бол нэмэгджээ. Харин энэ оны эхний гурвсан сарын байдлаар 70 мянган 489 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлжээ.