Ердөө л нэг нэг насны зөрөөтэй тэрсхэн манай 3 хүүхэд Индиана мужийн Блүүмингтон хотын Юниверсити бага сургуульд хэдэн жил суралцсан юм. Тэд маань өглөө бүр хичээлдээ явахдаа учиргүй дуртай байдагсан. Хааяа нэг унтаж хоцорвол сэрээсэнгүй гэж бөөн юм болно.

Хааяа нэг онцгой тохиолдол, гал, шуурга, цахилгаан, аваар гэх мэтээс болоод сургууль нь нэг өдөр хичээллэхгүй болсныг хүүхдүүд маань хэрхэн таагүй хүлээн авч буйг хараад би 80-аад оны бага насаа эрхгүй эргэн санадаг байв. Би л хувьдаа хичээл цонхдоход, сургууль түр хаагдах энэ тэрд урам хугарах нь бүү хэл харин ч эсрэгээрээ баярладаг байсан. Нуух юу байх вэ? Миний мэдэх ойр орчны хүүхдүүд маань ч адилхан л байсан. Өнөө ч манай ЕБДС-ийн орчинд илт дэвшил гараагүй нь анзаарагддаг. Мэдээж хэрэг 9 сарын нэгэнд бол дуртай л даа. Гэхдээ Юнисерсити бага сургуулийн сурагч манай гуравтай харьцуулахад шүү дээ.
Гэтэл манай багачууд яагаад эсрэгээрээ байна вэ хэмээн өөрийн эрхгүй эргэцүүлэхэд яах аргагүй АНУ-д бага сургуулийн орчин бол үнэхээрийн хүүхдийн дурлаж, шохоорхох, татагдан тэмүүлэх тийм л орчинг манайтай харьцуулахад бүрдүүлж чадсаных юм билээ.
Ганцхан жишээгээр үүний зөрөөг хэлж болно. Юниверсити бага сургууль 250 гаруй хүүхэдтэй. Манай хүүхдүүд бүх багш нараа таньдаг ба хаа нэгтээ, усан парк дээр ч юм уу, эсвэл дэлгүүрт сургуулийнхаа аль нэгэн багштай таарвал садан төрөлтэйгээ таарсан мэт учиргүй гүйж очоод тэврэлдэж сүйд болно. Бас бүх багш нар нь бүх хүүхдүүдээ танина. Тийм л нэг дотно, гэр бүлсэг уур амьсгал сургуулийнх нь үүдээр ормогц мэдрэгддэг. Хаана ч, хэн ч дуугаа өндөрсгөж хахирган хашгичих, эмээх, эмээлгэх, дэг журам зөрчих, бүдүүлэг муухайгаар сахилгагүйтэх энэ тэр тэр бүр анзаарагдана гэж үгүй. Ялгаварлан гадуурхах, талцах, муудалцах нь ч нэн ховор. Нэг тийм асуудал гарвал сургууль даяар байтугай хот даяар, даамжирвал муж даяарын асуудал болж, аягүйдвэл мужийн амбан захирагч суудлаасаа ховхрох юм болно.
Харин манайдаа ирээд ердийн улсын сургуульд орсон өнөөх багачууд маань ёстой соёлын шоконд хэсэгтээ нэрвэгдсэн. Нэг нь бүр сургуульдаа явахаасаа дургүйцэж, ганцаардаж, уйлж, залбирч хүртэл юм юм болсон. Анги даасан багшаасаа гадна хичээл ордог багш нараа л мэднэ, бусад багш нарыг бол мэдэх ч үгүй. Гадуурхалт, шоглол, доромжлол, утга учиргүй бүдүүлэг харилцаа өдөр бүр. Ядахдаа монгол хэлэндээ сайн бус хүүхдүүдийг маань зарим хүүхдүүд шоглох, бас зарим багш нар илт тээршаах байдал илэрхий.
Үе үе ЕБДС-иуд дээр очиж номын өдөрлөг, уулзалт энэ тэр хийгээд явж байхад бүдүүлэг дээрэнгүй өнгө аяс, хашгичин зандчих дууг заавал сонсоно. Хүүхдүүд ч эрээгүй ч байж мэдэхээр сахилгагүйтэх нь бий. Миний нүдэн дээр 20-р сургуулийн нэг настай багш хоёр хөвүүнийг коридороор хөөцөлдөж гүйлээ хэмээн тас тас хийтэл алгадаж байсан.
Энэхүү сургууль дээрх харилцаа, дэг ёс, хандлага гэдэг нь угаасаа боловсролын тогтолцооны агуулга, мөн чанарын толь нь юм. Бид 27 жил боловсролын тогтолцоогоо өөрчилж, сайжруулахаар их ч хүч хөрөнгө зарсан авч үр дүн багатай байгаагийн үндсэн шалтгаан нь ердөө л суурь үзэл болоод хандлагаа өөрчилж чадаагүйнх. Ихэнх маань боловсролын шинэчлэл гэдгийг хичээлийн программын шинэчлэлийн хүрээнд л хардаг нь харамсалтай. Гэтэл гол зүйл нь үзэл хандлага юм. Мянгантаа хичээлдээ сайн байгаад, аварга тоочин, аварга уншигч, аварга химич байгаад уг хүн нь төлөвшөөгүй бол тэр юуных нь үр ашиг байх билээ. Зарим сургуулиуд дээр харж байхад хүүхдүүдийн хооронд зүгээр л утга учиргүй ямар ч үнэ цэнээс ангид, улайрган өрсөлдөөн л анзаарагддаг. Зүгээр л улаан хэнхэгүүдийг бэлдэж буй мэт мэдрэгдэж, дотор зарсхийдэг. Тэд нэг нэгнээсээ илүү гарахын тулд өрсөлдөгчийнхөө дэвтрийг ураад хаях, хорлох энэ тэр бол энүүхэнд. Яг л Со кинонд гардаг шиг хор шар нь буцалж бургилна. Боловсролын зорилго бол уг нь үүний шал эсрэг зүйл баймаар...
Харин энэ байдлыг манай зарим нэгэн нэр бүхий сургуулиуд зоримог өөрчлөн, яах ёстойг үлгэрлэж, харуулж, цоо шинэ шан татаж байгаад баярладаг. Сургууль дээр ноёрхож буй уур амьсгал, зарчим гэж нэг нэн чухал, бүр үндсэн асуудал бий. Бид, манай эцэг эхчүүд, боловсролын мэргэжилтнүүд, ялангуяа бодлого боловсруулагчид үүнийг, энэхүү амин суурь асуудлыг огтоос анзаардаггүй. Заримдаа бүр мэддэг ч үгүй байх гэмээр байдаг.

Б.Наминчимэд