Хүнсний талон хугацаа хэтэрсэн хүнс хэрэглэх шалтгаан болжээ
2018/04/06
Дэлгүүрийн эзэд картыг нэг дор уншуулахыг шаарддаг гэв
“Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй” гэсэн зүйр үг юутай үнэн. Улстөрчид нь нэгнийхээ идэж, уусанг зарлаж булайгаа чирч байх хооронд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй түгээх ёстой албан хаагчид улсын төсвийг хэрхэн зөв зохистой хуваарилж, хүргэхээ мэдэхгүй шахуу сууна.
Учир нь Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, иргэн бүрт сар бүр хүнсний талон олгох болсон. Гэтэл үүний багагүй хувь нь зорилтот бүлэгтээ хүрдэггүйн дээр хүнсний талонаар үйлчлэх квоттой дэлгүүрийн эзэд хариуцаж авсан ажлаа гүйцэтгэхдээ хүртэл гэдийдэг сурагтай. Хэдхэн хоногийн өмнө Долоон буудлын эцсээс таксинд суусан юм. Таксинд жолооч эмэгтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй нэг ах байв. Жолооч эмэгтэй ихэд бухидангуй “Нэхэх тоолонд нь хүнсний талоны картаа уншуулдаг байсан юм уу. Барааны сонголтгүйг нь хорооны хүмүүст хэлсэн үү” гэхчилэн нөгөөх эрэгтэйгээс шалгаах аж. Хариуд нь “Ах нь өөр яах билээ. Картаа нэг дор уншуулахгүй гэвэл бараа өгөхгүй гэж аашилдаг юм. Тэгээд л арга буюу картаа уншуулдаг” гэж байлаа.
Дүүгийнхээ өмнө гэм хийсэн аятай сулхан дуугарах энэ эрийг Т гэдэг. Өдгөө 42 настай. Автын ослоор хөгжлийн бэрхшээлтэй болж, улмаар ажлаасаа халагдсан. Хоёр хүүхэдтэй, эхнэр нь орхиод явсан аж. Өнгөрсөн жилээс хөөцөлдөн байж хүнсний талон авах эрхийн азтан болж. Учир нь үүнээс өмнө хорооны ажилтан, Засаг даргатай хэд хэдэн удаа уулзсан ч тусыг эс олсон гэнэ. Харин азаар дүүд нь нэг танил байж таарснаар хүнсний талоны эрхийг атгасан нь энэ юм байна. Гэвч талоноор бараа олгох эрхтэй хүнсний дэлгүүр нь борц шиг хатсан хар мах, хугацаа нь дууссан талх зэрэгхэнээс өөр бараагүйгээс гадна худалдагч сар бүр олгодог өнөө жаахан мөнгийг нь нэг дор хуу хамах гэж улайрдаг гэнэ. Сүүлдээ ч алба юм шиг нэг дор уншуулчихаад хээв нэг мушилзаж зогсдог болсон гэж хэлсэн. Энэ удаа хүнс цуглуулахад нь дүү нь туслахаар очих үедээ үүнийг мэдэж, дэлгүүрийн эзэнтэй маргалджээ. Гэтэл өнөөх нь “Бараа өгөхгүй” гэж хөөж гаргасан тул талхны мөнгө олох санаатай халтууранд яваа нь энэ аж.
Халамж уу эсвэл дэлгүүрийн эргэлтийн хөрөнгө үү
Энэ асуултад хариулт эрэхээс өмнө иргэн Т-гийн хэлснийг нэхэн сануулъя. “Картаа нэг дор уншуулахгүй бол бараа өгөхгүй” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний босго шугамыг 2017 онд тогтоосны дагуу нийслэлд 292.5 ба түүнээс доош, аймагт 310 ба түүнээс доош оноотой өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгож буй. Дээрх босго шугамаас доогуур нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу хүн амын хамгийн бага хэрэглээтэй хэсэг болох нийт 49156 өрхийн 266357 иргэнд 2018 онд 42.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 9.4 тэрбум төгрөгийн хүнсний эрхийн бичиг олгохоор бодолт хийгдсэн байна. Мөнгөн дүнгээр нь бодвол өрхийн нэг гишүүн буюу том хүнд 16 мянга, хүүхдэд 8000 төгрөг сар бүр хүнсний талоны картанд ордог гэсэн үг. Энэ мөнгөөр мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ гэсэн 10 нэр төрлийн барааг худалдаж авах эрхтэй. Нэг дэлгүүрээр хамгийн багадаа 100-200 иргэн хүнсний талоноор үйлчлүүлдэг гэхээр сард дунджаар таван сая орчим төгрөг болж таарна. Ганцхан дэлгүүрийн хувьд шүү дээ. Тодруулбал, Монгол Улсад хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх эрхтэй 543 аж ахуйн нэгж байдаг бөгөөд үүнийг нэгдүгээр улиралд бичилт хийсэн 9.4 тэрбум төгрөгийг хувааж үзвэл нэг аж ахуй нэгжид улиралд дунджаар 17 сая, сард 5.7 сая төгрөг оногдоно гэсэн үг. Энэ мөнгөөр зургаан нэрийн барааны дэлгүүр нэг удаагийн эргэлтийн бараагаа хөнгөхөн татчих боломжтой гэдгийг уншигч та мэдэх байх. Тиймээс л хүнсний талоны эрхээр үйлчлэх квотын тендерийн араас аж ахуйн нэгжүүд шуурдаг байна. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр квотоор үйлчлэх эрхтэй дэлгүүрийн олонхийнх нь худалдагчийн дээрэнгүй байр байдал нь сонголтгүй бараанаас гадна хугацаа дууссан бүтээгдэхүүнийг олноор худалдаж авахаас өөр гарцгүй болгодог байна. Үүний тод жишээ нь шинэ танил маань. Иргэн Т-гийн үйлчлүүлдэг дэлгүүр нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сараах” гэдэг дэлгүүр юм байна. Ямар учраас, яагаад иргэдийн картыг нэг дор уншуулахыг шаарддагыг лавлаж асуухаар очсон боловч дэлгүүрийн эзэн байсангүй. Харин худалдагч охин “Энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хариулсан. Эх сурвалжийн хэлсэнчлэн дэлгүүрт барааны сонголт тааруугаас гадна зэргэлдээх хүнсний дэлгүүрээс даруй 50-150 төгрөгийн зөрүүтэй байв. Түүнээс гадна хүнсний талонаар авах худалдаж эрхтэй бүтээгдэхүүний үнийг хадаагүй байв. Учрыг лавлавал “Авах хүмүүс үнийг нь мэддэг юм” гэв. Худалдагч охины хэлсэн үг, бас иргэн Т-гийн хэлсэнийг тодруулахаар хүнсний талоны эрх авсан өөрийн таних хэд хэдэн хүнтэй холбогдож лавлатал иргэн Т-гийн үгийг “ба, бэ”-гүй баталсан. Тэд “Хүнсний талоноор үйлчилдэг дэлгүүр барааны сонголт муутай. Дээр нь улсаас татаас авч амьдардаг муусайн юмнууд. Та нарт энэ байхад л хангалттай. Махаар яадаг юм. Өртөг багатайгаар нь жижиглэн ав гэж цувдай шахдаг” гэсэн. Тэдний энэ үгийг нь, бас дэлгүүрийнх хаяг, өөрсдийх нь нэртэй нь нийтлэе гэж гуйсан ч “Бүр их дарамтлуулна. Хоногийн хоолноосоо салмааргүй байна” хэмээсэн юм.
Үнэ ил тод биш, сонголтгүй дэлгүүрийн эрхийг цуцлах ёстой
Энэ үгийг нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын ажилчид хэлсэн. Тэдний хэлсэнчлэн ийм журам ч байдаг юм байна. Гэхдээ өнөөг хүртэл хөрсөндөө бууж хэрэгжсэн нь цөөхөн гэсэн. “Хэвлэлээр баалуулж, ажилгүй болж байхаар чимээгүй суусан нь дээр” гэж хэлсэн төрийн албан хаагчийн өрөвдөх сэтгэл төрсөн учир энэ удаа нэр заахыг хүссэнгүй. Ямартай ч хуульд заасан журмын дагуу зургаан сар тутамд хүнсний талонааар үйлчлэх квоттой дэлгүүрүүдэд шалгалт хийдэг байна. Ингэхэд барааны сонголтгүйн дээр хугацаа хэтэрсэн, үнэ тодорхойгүй зэрэг олон зөрчил илэрдэг гэсэн. Эхнээс нь гэрээгээ цуцлах гэхээр элдэв зовлон бэрхшээл ярьж, дахиж ингэхгүй гэж гуйж гувшина. Нэг, хоёр удаа давтагдвал гэрээгээ цуцлах гэхээр нэг талаасаа цаана нь үлдэх халамжийн иргэдээ бодоод тэсэхээс өөр аргагүй болдог гэсэн. Тиймээс л зургаан сар тутмын шалгалтыг хүлээж төвдөлгүй улиралд тутамд очиж, үглэхдээ үглэж, торгохдоо торгоод өнгөрдөг байна. “Ингэлээ гээд асуудал цэгцрэхгүй. Эрхийг нь цуцалж болохгүй юу” гэхэд “Дахин сонгон шалгаруулалт хийхэд улсаас хөрөнгө мөнгө гарна. Дээр нь тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх иргэдийн хүнс тэжээл тасалдахад хүрдэг” гэж учирласан. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 10 орчим дэлгүүрийн гэрээг цуцалсан түүхтэй гэв. Гэхдээ албан бус тоо гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Дэлгүүрийн сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжийн босго өндөр тул зарим дэлгүүрүүд өөрсдийн нөөц бололцоог өсгөж орж ирдэг гэнэ. Нийслэлийн төв буюу Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн төвийн хороонд халамж горилогчид харьцангуй цөөн бол захын хороолол руу энэ тоо огцом өсдөг байна. Дагаад дэлгүүрийн хүчин чадал, хүртээмж буурах хандлага гардаг гэв. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн хоёр хороонд 1000 орчим иргэн хүнсний талонаар хүнс, тэжээл авах эрхтэй байлаа гэхэд үүнийг дунджаар найм орчим дэлгүүрт хуваарилах ёстой. Нэг дэлгүүрээр 1-2 багц буюу 100-200 хүн талоноор үйлчлүүлэх ёстой гэхээр энэ хэмжээнд хүрч үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулахад хүндрэл гардаг уу, эсвэл “хий” ордог уу алийг нь хэлж мэдэхгүй. Ямартай ч иргэдийн хэлсэнчлэн, өөрийн нүдээр харсанчлан, бас халамжийн ажилтнуудын баталсанчлан жил бүр улсын төсвөөс зарцуулдаг 40 тэрбум төгрөгөөр зарим нэг ашиг хонжоо хайгчид халаасаа зузаатгах хэрэгсэл болгож байна. Үүний тод жишээ нь дээрх “Сараах” дэлгүүр юм. Сонголтгүй бараанаас гадна хугацаа дууссан бараа шахдаг энэ мэт нөхдийн үйлдлийг таслан зогсооход харьяа яамны сайд нь дорвитой ажил хийх хэрэгтэй биз ээ.
Үндэсний шуудан сонин