У.Хүрэлсүхийн Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гэж зарлалаа. Монгол Улсыг хөгжилд хүргэх гурван тулгуур нь хүн төвтэй нийгэм, олон тулгуурт эдийн засаг, шударга ёсыг дээдэлсэн, хариуцлагатай, сахилгатай, тогтвортой засаглал байх ажээ. Энэ гурван тулгуур дээрээ 27 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улс 2020 он гэхэд хөл дээрээ босох юм байна.

ХҮН ТӨВТЭЙ НИЙГЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол хүнээ бүх талаар нь хөгжүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан нийгмийг цогцлоохыг хэлж байгаа юм. Хөгжлийн нэг тулгуур болсон хүн төвтэй нийгмийн төлөө гүйцэтгэх засаглал есөн зорилт дэвшүүлсэн юм билээ. Мэдээж, нэн тэргүүнд хүн ардынхаа эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгааг бүрдүүлэхийг чухалчилжээ. Мөн оюунлаг, мэдлэгтэй, бүтээмжтэй нийгмийн гол суурь баазыг зузаатгахын тулд боловсролын хүртээмж, чанарын асуудалд анхаарах юм байна. Хүнээ хөгжүүлэхэд хамгийн чухал нь ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ ашиг орлогыг арвижуулах. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын чихэнд чимэгтэй мэдээ нь 263 мянган ажлын байрыг бий болгоно гэж байсан. Татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр иргэдийн цалин хөлс, ашиг орлого нэмэгдэж, амьдралын түвшин сайжирна гэсэн эерэг дүр зураг харагдаж байгаа. Иргэддээ эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэлийг хийснээр цалингийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлсэн байдлаар нэмэхээр хөгжлийн бодлогодоо тусгажээ. Тэгэхээр ажилгүйдлийн тоо ирэх онуудад хэдий хэмжээгээр буурч, ядуурлын түвшин хэрхэн буурахыг график 1-ээс харах боломжтой.

 

график 2

ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ЯМАР АЖЛУУД ХИЙГДЭХВЭ?

Уул уурхайгаас хэт хамааралтай манай улс эдийн засгаа солонгоруулж, өнгө нэмэх тухай байнга ярьдаг. Бодлогын баримт бичгүүд ч олонтаа боловсруулсан байдаг. Тэгвэл Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг хөл нь “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого” юм. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьжээ. Мөн олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг нь Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Хөрөнгө оруулах шаардлагатай, ТЭЗҮ хийгдсэн 70 орчим төсөл байгаа юм билээ. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” компанийн концессоор хэрэгжих дэд бүтцийн багц төслүүд байгаа гэсэн. Таван толгойн ордыг олон гарцтай болгохын тулд авто зам, төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Мөн Улаанбаатарын утааг арилгах, 21 аймагт шинэ хөдөө, газрын тос боловсруулах үйлдвэр, “Төв цэвэрлэх байгууламж” болон “Говийн хөгжил” төсөл багтжээ. Дээрхээс гадна хэд хэдэн багц төслийг явуулах аж. Тухайлбал, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлын, Эдийн засгийн өсөлтийг дэмжих,бүс нутгийн интеграцид нэгдэх тээвэр, логистик, дэд бүтэц, Эрчим хүчний багц төслүүдийг нэрлэж байгаа юм.

Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бас нэг хөл нь эрүүл хүнсээр хүн ардаа хангаад зогсохгүй экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн байгаа юм. Мөн орчин үеийн мэдээллийн технологи, тээвэр, логистикийн дэд бүтэц, кластерыг хөгжүүлж, аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлнэ гэжээ. Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулан төр, бизнесийн үүрэг хариуцлагыг зааглаж, бизнесийн орчныг таатай болгохоор төлөвлөжээ. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2020 он гэхэд 4018 ам.доллар болох юм байна. Одоогийн байдлаар 3600 ам.доллар байгаа аж. Эдийн засгийн өсөлттэй уялдаад нэг хүнд ногдох ДНБ хэрхэн өсөхийг график 2-оос тодорхой харж болно.

ШУДАРГА ЁСЫГ ДЭЭДЭЛСЭН, САХИЛГА, ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛЫГ ТОГТООХ ГАРЦ

Авлига бол хорт хавдартай адил. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг багана нь засаглалыг сайжруулах тодорхойлолт юм. Ерөнхий сайд ч өөрөө авлигатай хатуу тэмцэнэ гэж мэдэгдэж гарч ирсэн. Тиймээс авлига, хүнд суртлыг халснаар сайн засаглалтай болно. Манай улс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар боловсруулахдаа эхнийхийг нь 2016-2019 он хүртэл авч үзжээ. Дараагийн үе нь 2020-2023 онд хэрэгжих юм байна. Бүх салбар, байгууллага, ажил мэргэжил рүү чиглэсэн авлигатай тэмцэх бодлого учраас цул хүчээр энэхүү “хорт хавдар”-тай тэмцэнэ гэсэн үг. Иймд Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилттэй уялдаж Монгол Улсын авлигын индексийг тодорхой хэмжээнд буулгах зорилт тавьсан байна. 2016 онд хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд авлигын индекс 38 байсан бол жилийн дараа хоёр байраар ахисан үр дүнтэй байгаа юм. Энэ эрчээрээ Монгол Улсын авлигын индекс нэлээд хэдэн байраар ахина гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ. Өнгөрсөн жилүүдэд авлигын индекс ямар байсныг график 3-аар харуулъя.

Монгол Улсын Гурван тулгуурт хөгжлийн бодлогын зорилтод сайн засаглалтай болохын тулд “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн алба”-ыг төлөвшүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдалгүй болно гэж онцолсон байна. Тиймээс хэд хэдэн хуулийг шинэчилж, боловсруулах зайлшгүй шаардлага тулгарах нь ээ. Төрийн албаны хариуцлагын тухай хууль боловсруулж, Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчилэх юм байна. Үүнтэй уялдуулж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг шинээр гаргахаар болжээ. Цаашлаад сонгодог парламенттай, сайн засаглалтай улс болъё гэвэл Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудаа ч шинэчлэх шаардлага гарах байх.

график 3

Ерөөсөө Засгийн газрын тодорхойлж байгаагаар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг юм. Хөгжлийн энэ гурван баганыг тулж Монгол Улс босч ирэх нь ээ. Үүнийг зарим улстөрчид ялангуяа сөрөг хүчнийхэн шүүмжилж, тохуурхах хэрэггүй. Ямар ч удам сайтай хурдан хүлэг дөнгөж төрөнгүүтээ эхлээд гурван хөл дээрээ босдог шүү дээ. Унага ингэж анх тэнцвэрээ олж байх зуур дөрөв дэх хөлөөрөө тулаад ухасхийн чавхаддагсан. Монгол Улс Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээрээ босч ирэхийн тулд Төрийн гурван өндөрлөг нэг тийш харах ёстой. Юутай ч Ерөнхий сайд Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлачихлаа. Ерөнхийлөгч хүртэл энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэрбээр эдийн засгийн форумын хаалтын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Маш хүнд үед би Төрийн тэргүүн боллоо. У.Хүрэлсүх ч гэсэн хүнд үед Засгийн газрын тэргүүн боллоо. Одоо хүчээ нэгтгэн хамтраад зоригтой хөдлөхөөс өөр аргагүй болсон” гэлээ. Эндээс манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хөгжлийн замд дөрөө нийлж буй нь харагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд ч натур нь зөрж, гөжөөд байх хүн биш. Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэдэг бол намууд, хувь хүний амбиц гэхээсээ илүү Монгол Улсын хувь заяа болчихоод байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН