АШУҮИС-ийг хувьчилчихаагүй биз дээ, Ц.Цогзолмаа сайд аа?!
2018/04/10
Өнөөдрийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тэртээ 1961 онд тухайн үеийн төр, засгаас онцгой анхаарч МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэж 20 гаруй тэнхим, 65 багш, 800 гаруй оюутантайгаар туурга тусгаарлан Анагаах ухааны дээд сургууль нэртэйгээр байгуулж байжээ.
Тэгэхээр аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн үүнд онцгой гавьяатай гэхээс илүүтэй тухайн үед дөнгөж сая гаруй хүн амтай байсан манай улсын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд, эмч сувилагч нараа бэлтгэхэд ингэж онцгой анхаарал хандуулж байсан нь тодорхой харагдана. Харин өнөөдөр тус сургуулийг Г.Батбаатар гэх эрхэм удирдаж байгаа бөгөөд 2012-2016 онд АН засгийн эрх барьж байх үед л томилогдож ирсэн байдаг. Жилдээ салбар есөн сургуульдаа 2000 гаруй оюутныг шинээр элсүүлж, нийт 13 мянга орчим оуютанд анагаахын болон сувилахуйн боловсрол олгдог энэхүү төрийн өмчит ууган сургуулийг тэрээр “зохиосон” юм шиг дураараа авирласаар цөөнгүй жилийг үдэж байна гэх зэргийн элдвийн мэдээлэл сүүлийн үед тасрахаа болилоо. Сонин хэвлэлээр ч түүний сайн, мууг хангалттай тоочсон байдаг. Ер нь л өнгөрсөн хугацаанд АШУҮИС-ийг тэрээр өөрийнхөө хувийн компани шиг болгож, бүхий л ажлыг зөвхөн хувийн ашиг сонирхлоор явуулж ирсэн гэгддэг хүн юм байна.
Г.Батбаатар захирал АШУҮИС-ийн “Эко цогцолбор” хэмээх том бүтээн байгуулалтыг “Би санаачилж, бүтээж байгуулсан” гэж цээжээ дэлдэг ч нэдэр дээрээ энэхүү ажил нь маш их удааширч санхүүжилт нь олон давтамжтай хийгджээ. Тэгээд ч уг “Эко цогцолбор”-ыг өнөөдрийг хүртэл улсын комисс хүлээж аваагүй байгаа төдийгүй мэргэжлийн байгууллагуудын галын болон газар хөдлөлтийн дүгнэлт гараагүй байхад дур мэдэн ашиглаж олон мянган оюутан тэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа юм. Тэрээр энэ мэтээс гадна оюутнуудын шалгалтын дүнг засах, ангиар нь шалгалтад унагаж нэмэлт мөнгө төгрөг авах, оюутнуудыг төлбөр төлсөн, төлөөгүйгээр нь ялгаварлаж гадуурхаж харьцдаг гэж яригдаад удаж байна.
Хамгийн ноцтой нь Г.Батбаатар захирал оюутнуудын хүчийг зөв зүйлд ашиглах бус харин элдэв жагсаал, цуглаан хийлгэж, “Одоогийн захиралдаа сэтгэл хангалуун байгаа, цаашид дэмжинэ” гэсэн утгатай ухуулга, сурталчилгааг хийлгэж байсан гэх мэдээлэл бас байна. Ингээд зогсохгүй боловсролын байгууллагыг улстөржүүлж намынхаа ажилд оюутнуудыг татан оролцуулж, оролцохоос татгалзсан оюутныг хар жагсаалтад нэрийг нь оруулдаг гэх яриа энэ сургуульд газар авчээ.
Багш, ажилчдаа ч үүндээ татан оролцуулдаг гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.
Мөн тус сургуулийн магистрын дипломын асуудал анхаарал татна.Шуудхан хэлэхэд магистрын диплом ямар замаар олгогддогийг хууль, хяналтын байгууллагууд анхаарч шалгахад гэмгүй гэнэ. 2016 онд БСШУЯ-наас АШУҮИС-д 441 магистрын дугаар олгоно гэж авсан ч тухайн жилдээ ердөө 77 магистрт диплом олгосон байгаа юм. Үлдсэн нь хаачсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.
Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын сангаас Сувилахуйн лаборантын ангийн төв лабораторийг тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад зориулж 1.0 сая ам.долларын санхүүжилттэй төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Гэтэл 2014-2015 онд тус лабораторийг дур мэдэн татан буулгасан байна. Одоо тэр лабораторийн тоног төхөөрөмжийг хэн хэрхэн ашиглаж байгаа, хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм байна.
Түүнчлэн Нүүр ам судлалын сургуулийн тоног төхөөрөмжийн тендер асуудалтай. АШУҮИС-ийн барилга, байгууламжид НМХГ-аас хийсэн шалгалтаар төрийн өөрийн өмчийг өмчлөгч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, төрийн өмчийг эзэмшигч тус сургууль нь түрээслэгч иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулан худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байж мэднэ. Учир нь Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 / Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана/-д заасныг зөрчиж байгаа учир хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж засч залруулах ёстой талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын газарт НМХГ-аас тухайн үед албан ёсоор хандаж байсан байна.
Энэ мэтээр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын анхаарал татсан олон үйлдэл тус сургуулийн хамт олны нүдэн дээр ил болдог байна. Явсаар АШУҮИС-ийн хувьчилчихаагүй байгаа даа гэж эргэлзсэн багш ажилтнууд ч олширч байгаа бололтой байна.
Бид энэ талаар өчигдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын 9910……. дугаарт холбогдож, дээрх мэдээллүүдийн талаар тодруулахад “Эко цогцолбор”-ын хувьд батлагдсан зураг төслөөр баригдаад 2015 онд улсын комисс хүлээгээд авчихсан барилга. Акт бүх зүйл нь надад бий. Шаардлагатай бол үзүүлж болно. Харин магистрын дипломны хувьд надад хувьдаа ашиглаж, завшсан зүйл байхгүй. Учир нь дипломны дугаарыг нь БСШУСЯ-наас олгодог. Эрдмийн зөвлөлөөр орж хамгаалдаг. Олгосон дугаарынх нь дагуу төлбөр нь тушаагддаг. Дээрээс хяналттай дипломыг би яаж зарж борлуулах вэ. Миний хувьд оюутнуудаа дарамтлах нь битгий хэл “Оюутнуудаа сонсъё” гэсэн сарын аян зохион байгуулж, оюутнууддаа тэтгэлэг өгч,өнчин хүүхдүүдийг сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөрөөс чөлөөлж байна. Би багш нартайгаа шууд харилцсан удаагүй. Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд харилцдаг. Хүмүүс хардаж болно. Гэхдээ хэмжээ хязгаартай баймаар байна. Харин надаас тодруулж, үнэн зөв мэдээлэл түгээж байгаа танай сонины редакцид талархаж байна” гэв.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
zochin · 2018/04/10
Said aa! Avilgal avch ih deed surguuliaraa toglohoo boliochee! Gantumur saidiin ved 500n sayar vnelegdej bsn MUBIS.n ded zahiraliin sentiig 300n sayar butsaagaad garshsan hulgaichid ni ugch bga geh ym.Ydaj vniig ni usguj zarahaa medehgvi bga ymuu? Iim ashig honjoo oloh l gej naad suudaldaa irsen ymuu??? Gantsetseg jinhene gemt heregten shvv dee,uur hvn oldohgvi bn gj vv?