“Үдийн цай” тоглоом биш ээ
2018/04/13
Сүүлийн өдрүүдэд монголчууд улстөрийн шуугианы хөлд дарагдаад, баргийн сонин хачнаас илүү анхаарал татсан мэдээлэл дунд өдөр хоногийг өнгөрөөх болов. Байгуулагдсан цагаасаа хойш нам гүмхэн байсан АТГ-д өдгөө нэгэн цагт Монгол Улсын төр засгийг тэргүүлж байсан хүмүүсийн ихэнх нь байцаагдаж, 461-р ангид хоригдож байна. Тиймээс л олон нийт уйдах завгүй улстөржиж байгаа хэрэг.
Гэвч бүх нийтээрээ ийнхүү улстөржилтийн хар шуурганд уруудаад, амьдрал ахуйгаа ч анзаарах сөхөөгүй байх хойгуур нийгмийн амин чухал асуудлууд ард хоцорчихжээ. Томуу, хачигт халдварын тохиолдол эрс нэмэгдэж, эмч нар, эмнэлгийн байгууллага хүчрэхгүй сандарч байна.
Хамгийн хэцүү нь, бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд сургууль дээрээ баталгаагүй хоол идэж, “Үдийн цай” хөтөлбөрийн хяналтгүй хангамжийн золиос болсоор байна. Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн цайны газрын үйл ажиллагааг шалгажээ.
Уг шалгалтад төрийн өмчийн 134, төрийн бус 105 сургууль, нийт 239 сургууль хамрагдсан байна. Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлох дээж авч, НМХГ-ын төв лабораторид шинжилжээ. Шинжилгээгээр тодорхой ихээхэн зөрчил илэрч, 8.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мэргэжлийн хяналтныхны тайланд хавсаргасан зургаас харахад сургуулиудын цайны газрууд ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир заваан, зориулалтын бус гялгар уут, хуванцар сав суулгаар дүүрсэн, хоол бэлтгэх тавцан тавиурууд хир даганд баригдсан нь илэрхий байсан юм. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдын “Үдийн цай”-г бэлтгэдэг газруудын олонх нь стандартын шаардлага огт хангаагүй байжээ.
Хамгийн гол нь цайны газруудын энэ байдалд сургуулийн захиргаанаас хяналт тавьдаггүй гэдгийг шалгалтаар илрүүлсэн байна. Тэгэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ийм их зөрчил илэрсэн байхал зөвхөн торгууль ногдуулах төдийгөөр шийтгээд өнгөрсөн нь хачирхалтай.
Ер нь “Үдийн цай” хөтөлбөр туйлын нүдээ олсон, сурагчдын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд онцгой нөлөөтэй шийдвэр болсон ч өнөөг хүртэл үүнийг дагасан хэл ам, гомдол тасарсангүй. Судалгаанаас харахад, эцэг эхчүүдийн зүгээс үдийн цайнд өгч буй хоол ихэнхдээ хөрч, хуучирсан, эсвэл тос өөх ихтэй, мөн чихэр, будагч бодис, химийн нэгдэл ихээр агуулсан чихэр, боов, ундаа байгаа талаар гомдол мэдүүлдэг гэжээ. Энэ нь зарим хүүхдэд харшил өгч, хордлогод оруулж байсан тохиолдол ч цөөнгүй бий.
Жишээ татахад, 2016 оны тавдугаар сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн 61 дүгээр дунд сургуулийн бага ангийн сурагчид үдийн цайндаа хордсоны улмаас дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлж байв.Тус сургуулийн 3-ын "Г" бүлгийн 14 хүүхдэд халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрчээ. Тухайн үед хүүхдүүдийн үдийн цайнд нарийн боов, 100 гр-ын савлагаатай нэрсний жүүс өгсөн гэдэг.
Бас нэгэн жишээ, 2010 онд 53-р сургуулийн бага ангийн хүүхдүүд мөн л “Үдийн цай”-наас хордож, эмнэлэгт хэвтсэн. Тэр үед ХӨСҮТ-ийн эмч эдгээр хүүхдийн биеийн байдал маш тааруу, химийн хүчтэй нэгдэлд хордсон учраас ходоод нь шархаж, цөс томорч, бөөрний хурц үрэвсэлд нэрвэгдэн, улмаар цус багадсан байна гэж тайлбарлаж байсан юм.
Тэгвэл 2017 онд хамгийн харамсалтай хэрэг гарсан нь, Төв аймгийн Батсүмбэр суманд гурван сурагч хоолонд хордсоноос, хоёрынх нь биеийн байдал маш муу байсан ч эмчилгээ авсан бол нэг нь эмгэнэлтэйгээр хорвоог орхисон. Энэ хэрэг нийгэмд маш том дохио өгч, олон нийт үүнд нухацтай хандаж байсан. Гэвч тун удалгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн шоунд энэ хэрэг дарагдаад замхарсан билээ.
Гэтэл “Үдийн цай” тэр чигээрээ буяны ажил байсангүй. Юу гэвэл, энэ хөтөлбөрийн ард мөнөөх л тендерийн шалгаруулалт, шахаа, хуйвалдаан нуугдаж байдаг аж.Тендерийн нээлттэй мэдээллээс харахад, багагүй өртөгтэй хөтөлбөр юм билээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 онд зарласан “Үдийн цай”-нд бараа нийлүүлэх тендерийн нийт өртөг 120.5 сая төгрөг байх юм. Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас өнгөрсөн онд 327 сая төгрөгийн “Үдийн цай”-ны тендер зарлаж, шалгаруулсан байлаа.
Ер нь энэ хөтөлбөрийг улсаас жилд 27 тэрбум төгрөгөөр санхүүжүүлдэг. Гэвч энэ хангалттай тоо биш. Хамгийн гол нь, нэг хүүхдэд 1000 хүрэхгүй төгрөгийн хүнсээр тооцож гаргасан тоо нь энэ. Уг нь хүүхдүүд “Үдийн цай”-наас тодорхой хэмжээний илчлэг, шим тэжээл, эрдэс витамин авч байх учиртай. Үүнийг ЭМЯ-наас тогтоосон. Харин улсын төсөв санхүү хэцүү байгаа учраас энэхүү тогтоосон стандартад нийцүүлж чадахгүй байгаа гэдгийг жил бүр төсөв зохиогчид учирладаг.
Тэгвэл салбарын сайд маань энэ талаар ямар бодолтой байдаг бол. Түүнийг ажлаа авснаасаа хойш тэрбумаар тоологдох их мөнгө зарцуулж, онцгой ач холбогдолгүй хурал зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэх шүүмж гарсан. Хэвлэлүүд ч үүнийг онцлон бичиж байсан юм.
Тэгвэл зөвлөгөөн хийсэн тэрбум төгрөгийг үдийн цай руу төсөвлөж оруулахад асуудал байхгүй мэт. Харин ч нөгөө мөнгө олдохгүйн зовлонг байнга хэлдэг дарга нарт энэ зөвлөгөөний зардлыг харуулж амыг нь тагламаар санагдах юм. Ер нь яагаад ийм онцын шаардлагатай хөтөлбөр рүү санхүүжилт хийхдээ элдэв шалтаг шалтгаан тоочиж, ядуу улсын хэцүүг гайхдаг хэрнээ хурал хийх болохоор тэрбумаар нь гаргаж болдог санхүү вэ.
Салбарын сайд нь ч тэр, ажлаа аваад чамгүй удсан ч өнөөг хүртэл Төрийн нарийн бичгийн даргагүй, халаа сэлгээнээсээ илүү гарч чадахгүй, хууль бусаар ажлаас халагдсан хүмүүстэйгээ маргалдсаар байгаа нь хачирхмаар. “Үдийн цай” тоглоом биш ээ. Бага насны хүүхдүүдийн эрүүл мэндтэй шууд холбоотой энэ хөтөлбөрийг улстөржилтөөс дорд үзэж, дарга нарын машинаас хямд төсөв батлахаа зогсоогооч.
Р.САРУУЛ
http://erennews.mn