Монгол, Орос, Хятадыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах гэж олон жил ярилаа. Энэ мега төслийн санаачилга гурван улсын төрийн тэргүүний хүрээнд 2013 оноос яригдаж эхэлж билээ. Урд хөршийн зүгээс манайхыг “Төлөвлөгөө, тооцоо, судалгаагаа гарга” гэж нэлээд гуйсан.

Манай дарга нар ч бодлого, төлөвлөлтөө танилцуулах нь битгий хэл таг чиг суусаар байв. Ямар сайндаа Си Жиньпин Монголд айлчлахдаа энэ төсөлд ач холбогдол өгч “Эдийн засгийн коридор чинь юу болж байна вэ. Ядахдаа та бүхэн нэр өгсөн үү” гэж ам асууж байхав. Тэгэхэд манай дарга нар “Өгсөн, өгсөн. “Талын зам” гэж нэрлэсэн” гээд л сүйд болцгоож билээ. Энэ тухай урьд нь ганц ч хүн ам ангайж, нэг ч хэвлэлээр бичиж байгаагүй. Ер нь манай дарга нар урд хөршийн Удирдагчийн асуулгад яаран сандран хариулахдаа “Талын зам” гэдэг нэрийг тэрхэн үедээ зохиогоод өгчихсөн байх.

Эдийн засгийн коридор бол Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо” гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байгаа юм. Манай талаас энэ төслийн хүрээнд хилийн боомт, аж үйлдвэр, экологи, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан, тээврийн дэд бүтэц, худалдаа, гааль, мэргэжлийн хяналтын хорио цээрийн чиглэлээр 32 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх учиртай. Манай дарга нар ч Орос, Хятадын дарга нарыг дагаад л хуйлраад гүйлдээд байсан. Гурван улсын төрийн тэргүүн Ташкентад уулзаж, мега төслийн баримт бичигт гарын үсэг зурангуут манай тал “Мянганы үйл явдал боллоо” гэж хөөрцгөөж байв. Ийм том бүтээн байгуулалтыг Эдийн засгийн коридорт байгуулна гэж ард түмэн ч харж, итгэж, хүлээж суусаар олон жилийг үдлээ. Гэтэл энэ хугацаанд төр, бизнесийн бүлэглэлийнхэн “Талын зам” барих биш “Эрдэнэт”-ийг хувааж идэх тактик л боловсруулж байжээ. Тэд манай улсын эдийн засгийн саалийн үнээ болсон энэ том үйлдвэрийг луйвардаж, хулгайлж, зувчуулахаар улайран шунаж ажилласан бололтой. Тиймдээ ч олон жилийн өмнө яригдсан Эдийн засгийн коридорт өдий болтол нэг ч ажил биежээгүй байна шүү дээ.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдтэй Хятадад айлчилж байна. Тэнд очоод Эдийн засгийн коридорынхоо талаар юугаа ярьж, хуйхаа маажих юм бол доо. Сонгуулийн шоугаар тууз хайчилсан замуудаа нэрлэх үү. Гурван улсын коридорын зураглалаар босоо, хөндлөн чиглэлд авто зам байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ зам нь урдаасаа хойш явсаар Дархан-Алтанбулаг-Улаан-Үүд гээд гурван улсыг холбох юм. Одоогоор энд хийгдэж эхэлсэн нэг ч ажил байхгүй. Харин маршрут дотор орон нутгийн чанартай авто замуудыг засч, шинэчлэхээр тууз хайчилсан үйл явдал бол бий. Жишээлбэл, Дарханы чиглэлийн авто зам байна. Эдийн засгийн коридорын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн гээд Ерөнхий сайд маань хөршдөө хэлэх байх даа.

Ер нь манай дарга нар коридор байгуулахын хувьд байгуулсан юм байна. Н.Алтанхуягийн нэр өгснөөр “Шударга бусын коридор” гээчийг байгуулсан бололтой. Улс орныхоо хөгжлийн замыг гэрэлтүүлэх коридор биш “шоронгийн коридор” байгуул гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэр нь өөрийнхөө хүнийг хууль шүүхийн байгууллагын даргаар аваачсан. Энэ хүмүүсийнхээ гараар дамжуулан танайх, манайх гэлтгүй олон хүнийг улс төрийн хэргээр шоронд явуулсан. Үүнийгээ тэгээд коридор гэж ойлгоод байгаа юм уу даа. Эндээс Монголын дарга нарын үнэн төрх харагдаж байна. Үнэндээ тэдэнд улс эх орноо хөгжүүлж, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийе гэсэн сэтгэл өчүүхэн ч алга. Өөрсдийнхөө сандал, ширээтэй зууралдан албан тушаал, амбицийн төлөө гүйлдэж, төрөөс хулгай хийж, нуухдаа ямар ч сайн ажилладаг юм дээ.

А.ЗОЛБОО

Эх сурвалж: Өдрийн сонин