БНТУ-ын тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлнэ гэсэн амлалтад итгэхгүй байхыг анхааруулав
2018/04/16
БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулж тус улсын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ.
Анхааруулгад тэтгэлгийн шалгаруулалтад ирсэн бүх өргөдлийг тухайн оюутан, сурагчийн сурлагын дүн, ярилцлагын шалгалтын амжилт зэргийг үндэслэн Турк Улсын холбогдох дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд үнэлдэг. Энэ үйл явцад гадны ямар нэгэн хувь хүн, байгууллага нөлөөлөх боломжгүй. Харин дээрх хувь хүн, байгууллагууд нь тэтгэлэгт бүртгүүлсэн оюутан, сурагчдыг буруу чиглүүлэх нь тэтгэлэгт тэнцэх магадлалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг зөвлөсөн байна.
Мөн нөгөө талаас тэтгэлгийн сонгон шалгаруулалтын аль ч шатанд Турк Улсын холбогдох дээд байгууллагаас шаардсан бичиг баримтыг гадаад хэлэнд орчуулах шаардлагагүй бөгөөд монгол хэл дээрх бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг. Туркийн тэтгэлгийн аль ч шатанд төлбөр төлөх шаардлагагүй.
Иймд тэтгэлгийн бүртгэлд туслалцаа үзүүлэх, тэтгэлгийн шалгаруулалтанд тэнцүүлэх зэрэг амлалт өгч төлбөр нэхэж буй хүмүүст итгэл үзүүлэхгүй байхын зэрэгцээ Турк Улсын холбогдох дээд байгууллагын зүгээс олгосон хувийн хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй байх нь хохирлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нууц үгээ бусадтай хуваалцсан бол нэн даруй солих шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, тэтгэлгийн шалгаруулалтад тэнцүүлэх амлалт өгч төлбөр нэхэж буй хувь хүн болон байгууллагад итгэхгүй байхыг сануулжээ. Бүртгэл ирэх сарын 14-нийг хүртэл үргэлжлэх аж.