Саруул хотхонд гарсан осолд нарийвчилсан шинжилгээ хийгдэж байна
2018/04/17
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 гэсэн шуурхай утсанд 2018 оны 04 сарын 16-ны 17 цагийн орчимд Алтай констракшн ХХК-ны захиалгаар Тольт дэнлүү ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны B7 блок барилга дээр осол гарсан тухай мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу НМХГ-ын барилгын техникийн хяналтын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар 12 давхар цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших Баянмонгол хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байна. Мөн дээврийн хар цаасан үе, бетон тэгшилгээний үе, дулаалгын үе, пронтоны өргийг цөмлөн гэмтээсэн, айлын цонхны шил хагарсан байдалтай байна.
Кран ойролцоогоор 42 м-ээс унах үед бүхээгт байсан 1 кранчин эмнэлэгт хүргэгдсэн. Тус кранист Алтай констрашны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тольт дэнлүү” компаны ажилтан БНАСАУ-ын иргэн 36 настай эрэгтэй байсан бөгөөт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдэг асуудлыг тодруулахаар шалгаж байна.
Осол гарах үед Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 9, 10 давхарын хийцлэлд нөлөөлсөн, дүүргэгч өрлөгүүд, үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр НЕТГ-тай хамтарсан үзлэгийг хийж эхэлсэн. Нарийвчилсан үзлэгийн дүгнэлт гарсаны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас хүчдэл бэхэлгээ хийх мэт дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана.
Он гарснаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн чиглэлийн болон барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй, өргөх машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдэгдлийг хүргүүлж, сургалтууд зохион байгуулж ажилласан. Тухайлбал Алтай Констракшн ХХК-д 2018 оны 01 сарын 22-ны өдөр 339 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ. Шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.