Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдрийн нийгэм маш их бухимдалтай байна. Нийгмээ дагаад хүмүүс ч бухимдалтай болцгоочихсон. Ийм үед хүн яавал бухимдахгүй байх вэ?

-Улирал солигдох үед хүний бие махбодь, биологийн цаг түүнд дасахад тодорхой хугацаа шаардагддаг. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд цаг агаар хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа нь ил тодорхой харагддаг. Хаврын өдрүүдэд сульдах, сэтгэл санаа тогтворгүйтэх үзэгдэл хүн бүрт их, бага хэмжээгээр илэрч байгаа. Ийм тогтворгүй үед нэг зүйл төлөвлөснөөр бүтэхгүй бол бухимдах, тэр бухимдлаа гадагш цацаж эргэн тойрны хүмүүстээ халдаах үйлдлүүд их ажиглагдаж байна. Бид бүгдээрээ л нийгмийн амьтан учраас хамтдаа эвээ олоод амьдрах нь бидний үүрэг. Заримдаа таны төлөвлөгөөнөөс аливаа зүйл гажиж болно, үүнийг хүлээн зөвшөөрчих юм бол юмс их амархан, хялбар санагдаж эхэлнэ. Ер нь бүхнийг хяналтандаа байлгах гээд эсвэл бүхнийг өөрийнхөөрөө байлгах гээд хичээгээд байдаг төгс төгөлдөрт дурлагч хүмүүс л хамгийн их бухимдалтай байдаг. Заримдаа танаас огт хамааралгүй хэн нэгэн ирээд танд стрессээ “наачихаж” магадгүй, энэ үед аль болох анхаарлаа өөр зүйлд хандуулж мартах нь зөв сонголт. Хэн нэгэн таны өдрийг тэр чигт нь стресстэй, бухимдалтай болгож хувиргахыг бүү зөвшөөрөөрэй. Мөн болж өгвөл таныг стресстүүлдэг, бухимдал ихтэй газраар явахгүй байх, яаж цагаа зөв зохицуулбал нийгмийн стресст бага өртөх вэ гэдгээ ч бодож үзэж болно. Жишээ нь, яг ажил эхлэх есөн цагийн үед хүн бүр л ажил руугаа яараад сандруу байдаг. Энэ үед та замын түгжрээнд стресстдэг бол гэрээсээ жаахан эрт гараад үзээрэй.

-Өглөө гэрээсээ гараад замын түгжрэлээс эхлүүлээд бухимдуулах зүйл олон. Хүмүүсийн хөмсөг зангидсан царай, харилцааны соёлгүй байдал, эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс гээд орой гэртээ ирэх хүртлээ бухимдсаар л байдаг?

-Өмнө хэлсэн шиг манай нийгэмд төгс төгөлдөрт тэмүүлэгч перфекшинистүүд болоод бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн айлын эрх хүүхдүүд олон байна. Энэ үед та өөрийнхөө сэтгэл зүйг хамгаалах хэрэгтэй болно. Сэтгэл зүйн дархлаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Нэг хүн эвгүй харахад эсвэл эвгүй үг хэлэхэд эмзэглээд, өөртөө тусгаж аваад байвал өөрт хэцүү. Мөн та өөрөө ч бусдад сөрөг сэтгэл хөдлөл тараагаад байгаа юм биш биз гэдгээ бодоод үзэхэд гэмгүй. Бид ихэвчлэн бурууг бусдаас хайх гээд өөрөөсөө бусдыг хамаатуулж ярих гээд байдаг.

-Стресстэй нийгэмд амьдарч байгаа ч амар амгалан, баргийн юманд уурладаггүй төлөв төвшин хүмүүс байдаг. Тэд ямар учраас ингэж бухимдахгүй амьдарч болоод байна вэ?

-Хэд хэдэн зүйлээс шалтгаалж байгаа. Нэгдүгээрт, өөрийнх нь төрөлх зан чанар нөлөөлж байгаа байх. Төрөлхийн тайван темпераменттай хүмүүс байна, флегматик болон меланхоликууд. Эдгээр хүмүүсийн тархины мэдээлэл дамжуулах, цочролд хариу үзүүлэх хурд удаан байдаг учир гаднаа тайван, дөлгөөн харагддаг. Холерик болоод сангивиник хүмүүст аливаад түргэн хариу үзүүлэх гээд байдаг.

Хоёрдугаарт, өөрийгөө тайван байлгаж сурсан хүмүүс байна. Өөртөө аль болох цаг гаргадаг, өөрийгөө хайрладаг хүмүүс баргийн зүйлд стресстэж өөрийгөө зовоодоггүй. Энэ хүмүүс иог, фитнесст явж дасгал хийх, ногоо идэх гэх мэт амьдралын хэв маяг нь илүү эрүүл байдаг. Тэр хэрээрээ стресс багатай байдаг. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлдэг гэсэн үг. Бас дотроо стресстэй, бухимдалтай байгаа ч гаднаа түүнийгээ илэрхийлдэггүй, тайван байдлаа хадгалахыг хичээдэг хүмүүс байна. Энэ бол цэвэр сонголтын асуудал. Би бухимдлаа бусдад цацах уу, эсвэл өөртөө хадгалаад шийдэх үү гэдэг. Тэгэхээр нэг талаасаа энэ хүмүүс эргэн тойрноо хүндэлж байна гэсэн үг. Гэхдээ стресс бухимдлаа тайлах зөв арга нь дотроо хадгалж түгжих биш юм шүү. Аль болох эрүүлээр гадагшлуулж байгаарай, жишээ нь зааланд тоглох, дуу дуулах, хоол хийж идэх гээд олон арга байна.

-Монголчуудын улстөрждөг зан, улстөржимтгий байдал нь эргээд өөрсдийг нь бухимдуулаад байдаг байх шүү. Энгийн иргэн улстөрөөс ангид байвал уг нь амар юм даа?

-Нэг талаасаа улс төрийн оролцоотой байх нь сайн зүйл. Ялангуяа залуучуудын дунд. Харин үүнийг стрессээ гадагшлуулах арга мэтээр хэрэглээд байгаад л асуудал байгаа болов уу. Уурлаж бухимдсан үедээ хүн болгон их бага хэмжээгээр хэн нэгнийг буруутгамаар санагддаг. Сөрөг хандлагатай болчихдог учраас эргэн тойрны болж бүтэхгүй байгаа зүйлс улам тод харагдаж эхэлдэг. Энэ үед нүдэнд тусдаг, эргэн тойронд байдаг зүйл нь улс төрийн мэдээ болж таардаг. Бүр зориудаар сайтуудын коммент хэсэгт уур бухимдлаа гадагшлуулдаг хүмүүс ч байна. Сөрөг мэдээг их уншаад байхаар донтуулах эффекттэй байдаг. Тэндээс авсан сэтгэл хөдлөлөө ахиж мэдрэх гээд анхных шиг нь мэдрэгдэхгүй болохоор улам их уншаад байдаг. Тиймээс танд иймэрхүү шинж илэрч байвал өөрийгөө хянах, үйлдлээ анхаарах цаг болжээ гэсэн үг.

-Интернэтэд зүсэн зүйлийн мэдээлэл бий. Элдэв гэмт хэргээс эхлүүлээд жихүүдэс төрөхүйц явдал гээд тоочвол хэрэггүй мэдээ сэлт их. Тэр болгоныг уншсанаар өөрийгөө сайн дураар бухимдуулж байна гэж үзэж болно биз дээ?

-Яг тийм. Нэг талаасаа энэ төрлийн мэдээг их уншаад байвал та цаг зав ихтэй байна аа л гэсэн үг. Завтай хүмүүс сөрөг зүйл ярьж, энэ талаар уншиж, бусдадаа түгээх нь их. Нөгөө талаас та өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун бус байгааг илтгэж байна. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараахь сэтгэл гутралын үед илэрдэг нэг шинж нь ээжүүд олон нийтийн сүлжээн дээр сөрөг зүйлс их түгээж, бичдэгээс харагддаг. Энэ нь тэд хүүхдээ харж удаан гэртээ байснаасаа болоод нийгмээс тусгаарлагдсан, бусдад хэрэггүй хүн боллоо гэх мэдрэмж, дээрээс нь биеийн хувьд ядарсан, даавар тогтворжоогүй учраас сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа зэргээс шалтгаалдаг. Хэрвээ танд энэ зүйл тохиолдож байвал хүүхэд томорч, биеийн байдал эргээд энгийн үеийнхдээ шилжиж, магадгүй ажилдаа эргээд ороход сэтгэл санаа сайжирна гэдгийг санаарай. Товчхондоо та сөрөг зүйлсэд их ач холбогдол өгөөд эхэлвэл өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай байна, өөртөө цаг гаргах хэрэгтэй байна гэдгийг илтгэж байгаа том шинж тэмдэг гэж ойлгож болно.

-Хүн гэртээ орж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд стресс, бухимдлаа мартдаг бол одоо үед гэр нь стресс үүсгэгч болчихоод байна уу даа гэж харагдах юм. Эхнэр нөхрийн харилцаанаас авахуулаад тоочих зүйл олон л байх аж?

-Ялангуяа хүүхдүүдэд хэцүү байна. Хүүхдүүд эцэг эхээсээ хамааралтай байдаг. Эцэг эхийн сэтгэл санаа ямар байна хүүхэд яг л тийм байна. Хэзээ аав, ээж хоёр минь муудалцах бол доо гэж байнга түгшдэг хүүхдүүдийн сэтгэл санаа их тогтворгүй, савалгаатай байдаг. Гэр бол бидний тайвшрах, өөрсдийгөө цэнэглэх газар юм. Түрүүн ярьсанчлан нийгмийн стресст өртсөн бол үүнээс ангижрахад тусалдаг газар нь гэр юм. Гэтэл энэ газар стресстэй болоод эхлэхээр хүүхэд, насанд хүрэгчидгүй бүгд цөхөрч эхэлдэг. Өөрсдийнхөө сэтгэл санааг дээрдүүлэх гэж оролдож байгаа нь насанд хүрэгчдэд архи уух, хүүхдүүдэд гэрээсээ гарч тэнэх зэргээр илэрч байна.

-Хүн бухимдахгүйн тулд амьдралдаа ямар зарчмыг мөрдлөг болговол зүйтэй вэ?

-Хамгийн зөв гарц нь хүн бүр сэтгэл зүйн хэвийн тогтвортой байдлыг биеийн эрүүл мэндийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч анхаарал тавьдаг болох юм. Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд цаг заваа зарцуулаарай, бие дааж уншаарай, сэтгэл судлаачтай уулзаж зөвлөлддөг болоорой гэж хэлмээр байна. Үүнээс гадна хүнийг бухимдуулдаг хэдэн шалтгаанууд байдаг. Гомдох, үзэн ядах, хүлээн зөвшөөрөхгүй байх гэх мэт. Тиймээс миний зөвлөх зарчмууд гэвэл, бусдад бүү гомд, бусдыг бүү гомдоо, уучилж болохоор бол уучил, болохгүй бол уучлахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд март, асуудал гарсан бол шийд, сонголтоо хурдан зөв хийхийг хичээ.

-Юунд ч битгий санаа зов, бүх юмыг цаг хугацаанд даатгаад орхи гэж зөвлөөд байдаг. Ингэх нь хэр зохимжтой вэ?

-Асуудал байгааг анзаарсан бол шийдэхийг хичээ, өөрийнхөө төлөө үйлдэл хий. Хүмүүсийг гурав ангилж болж байна. Нэгдүгээрт, асуудал байгааг мэддэггүй, хоёрдугаарт, асуудал байгааг мэдсэн ч үйлдэл хийдэггүй, гуравдугаарт, асуудал байгааг мэдсэн даруйд үйлдэл хийж эхэлдэг. Үйлдэл хийдэг хүмүүс илүү тайван, сэтгэл ханамжтай амьдрах хандлагатай байдаг. Жишээ нь, өглөө бүр ажлаасаа хоцроод яаран сандрах, үүнээсээ болоод өдөр нь түгшүүртэй эхэлдэг хүн байлаа гэж бодъё. Энэ хүн үүнийгээ анзаарах, анзаарсан бол гэрээсээ арай эрт гардаг болох уу, үгүй юу гэдэг нь хувь хүнээс өөрөөс нь хамаарч байна гэсэн үг.

-Зарим хүн бухимдаж байгаа үедээ "Би зүгээр ээ" гээд байдаг. Бухимдалтай байгаа хүний гаргадаг зан ааш ямар байдаг вэ?

-Ихэвчлэн хоёр төрлөөр бухимдалтайгаа тэмцдэг. Нэг нь үгүйсгэх, дарах, тайван байгаа мэт дүр эсгэх. Нөгөө нь гадагшлуулах, бусдад ярих, илэрхийлэх зэрэг юм. Би зүгээр ээ гээд байгаа хүмүүс дарах аргыг хэрэглэдэг гэсэн үг. Энэ үед өөрт нь их хэцүү. Стресс удаан хугацаанд үргэлжилдэг. Бас бөөгнөрсөөр нэг өдөр “дэлбэрэх” аюултай. Байнга гадагшлуулаад, яриад байвал бас сурчихдаг, ойрхон ойрхон бухимдах гээд байдаг болчихдог. Бухимдалтай байгаа хүнийг таних хамгийн энгийн арга нь тэр хүн юмыг ихээхэн сөргөөр харах гээд байдаг болчихдог. Ярианых нь агуулгад “Үгүй ээ”, “мэдэхгүй ээ”, “гэхдээ л...”, “чадахгүй” гэх мэт үгүйсгэсэн утгатай үгнүүд их орж ирдэг.

-Удаан бухимдаж явсанаар тухайн хүний сэтгэл болоод бие махбодид ямар сөрөг нөлөө гардаг вэ?

-Хамгийн наад зах нь эмэгтэйчүүдийн гэдэс сунаж эхэлнэ. Стрессийн гэдэс гэдэг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа муудсантай холбоотой. Мөн зүрх өвддөг, аймхай болно, нүдний хараа муудна. Дархлааны систем муудсанаар өвчинд өртөмтгий болно. Сэтгэл зүйн хувьд уурладаг, бухимддаг нь зуршил болох эрсдэлтэй. Байнга уурлаад байвал сурчихдаг. Ялихгүй зүйлд хүчтэй стрессддэг болчихдог. Мөн сэтгэл хөдлөл тайван биш байснаар анхаарал төвлөрөл болон шийдвэр гаргах чадвар муудна гээд нэрлээд байвал олон сөрөг нөлөө бий.

-Хүнийг бухимдаж байгааг танихад хялбар байх. Тэгвэл бухимдалтай нийгэм, бухимдалтай хамт олонд ямар сөрөг үр дагавар гарч ирдэг вэ?

-Ярилцлагын эхэнд дурдсан шиг бухимдал халдварладаг. Ажлын байран дээр бухимдлаа илэрхийлэх эсэх, яаж илэрхийлэх нь байгууллагын соёлоос их хамаарна. Анхнаасаа нэг нэгнээ хүндэлдэг, эрүүл соёлтой бол асуудал үүссэн ч эрүүлээр шийдчихнэ. Мөн зарим стресс өндөртэй ажлууд байна, ялангуяа харилцааны, үйлчилгээний ажлууд. Төдий чинээгээрээ хүндээ илүү анхаарч стресс менежмент, ангер менежмент хичээл сургалтуудад хамрагддаг байвал сайн. Ажлын байран дээр бид амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж байгаа шүү дээ. Энд бухимдалтай болоод эхэлбэл хүнд сэтгэл зүйн хувьд их дарамт болж эхэлнэ.

-Бухимдаж эхэлж байгаагаа мэдвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжинд тайвшир. Тайвшрах дасгалууд байна. Иогт явах нь үр дүнтэй. Дараа нь бухимдаад байгаа шалтгаанаа ол. Дараа нь үүнээс болж ахин бухимдахгүйн тулд юу хийх хэрэгтэйгээ бод, ямар нэг шийдвэр гарга. Танаас хамааралгүй асуудал бол аль болох зайгаа барь. Та өөрчилж болохоор зүйл байвал өөрчлөх гээд үз. Танаас хамааралгүй хэрнээ өөрчилж болохгүй, орхиод явж болохгүй зүйл байвал хүлээн зөвшөөр.

Монголчууд сэтгэл мэдрэмжээ үгээр илэрхийлдэг болоход илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад, юуны учраас бухимдаад байна гэдгээ гэр бүлдээ ярьж байгаасай. Болохгүй зүйл байвал хэлж, болж байгаа зүйлсээ ч хэлж, нэг нэгэнтэйгээ ярилцдаг байх ёстой. Бүхнийг дотроо хадгалаад түгжчихвэл дараа нь эрүүл бусаар гадагшилдаг юм шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин