Хар тамхины хэрэг хаалга татаад ороод ирлээ
2018/04/19
Монголчууд амар хялбар аргаар мөнгө олох сонирхолдоо улам л хөтлөгдсөөр, энэ хэрээр луйварчдын идэш болж буй иргэдийн тоо ч жил ирэх бүр өссөөр байгаа тухай ЦЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, Монголын нийгэмд хар тамхи бодит аюул заналыг учруулах болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Бид хар тамхи, мансууруулах бодисыг монголчуудаас алс хол, зах зээл ч байхгүй гэх төөрөгдлөөсөө салаагүй байж байтал хүүхэд залуус энэ төрлийн гэмт хэргийн золиос болж, статистикийн муруй өдөр ирэх бүрт дээшилсээр байна.
Хамгийн сүүлд л гэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нэгэн анхаарал татам мэдэгдэл хийсэн билээ. Тус хүрээлэнгийн Химийн лабораторийн эрхлэгч, дэд хурандаа Б.Ламчин “Мансууруулах бодисын хэрэглээ тасралтгүй өсөж байна. Өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 486 орчим шинжилгээг хийсэн. Харин он гарснаас хойш 200 гаруй объектын 100 гаруй шинжилгээ хийсэн. Урьд нь манай нутагт ургадаг олсны ургамал гэх ургамал их байсан. Сүүлийн жилүүдэд синтетик төрөлтэй мансууруулах бодис гэж яригддаг “ICE” буюу мөс их илэрч байгаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсөж байна.
Үүнтэй холбоотой шинжилгээний тоо ч дагаад өссөн. Тэгвэл 2017-2021 оны хооронд хар тамхи болон мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторид хүний биеийн биоматериалд /цус, шээс, үс, хумс/ шинжилгээ хийхэд шаардлагатай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох гурван аппаратыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч суурилууллаа” гэж ярьсан.
Эндээс үзэхэд хоёр жил хүрэхгүйн хугацаанд хар тамхитай холбоотой 600 орчим шинжилгээ хийсэн байх юм. Хамгийн гол нь, цагдаад бүртгэгдсэн сэжиг бүхий хэргүүдийн тоо л энэ. Тэгвэл үүний цаана хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй хэчнээн тохиолдол бий бол.
Хар тамхины хэргийн хариуцлага бусад хэргийнхээс хүнд учраас хүрээлэл нь ч асар нууцлагдмал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг. Тэгэхээр бүртгэгдээгүй хэргийн тоо бүртгэгдсэнээс хэд дахин олон байх магадлал өндөр ажээ.
Харин энэ гэмт хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж буй хэргийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид он гарснаас хойш хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Статистик тооноос харахад он гарсаар нийт 38 хэрэгт 68 хүнийг хар тамхины хэргээр холбогдуулан шалгаж байна.
Өнгөрсөн сарын байдлаар л гэхэд нийт 28 хүнийг хар тамхитай холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, 2018 оны гуравдугаар сарын 6-7-ныг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Европын холбооны улсаас хууль бусаар оруулж ирсэн мансууруулах төрлийн бодис худалдаалдаг бүлэг этгээдийг эд мөрийн баримттай нь баривчилжээ. Тэд Монгол Улсын иргэн 20-49 насны залуус байсан аж. Мөн энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар бэлтгэж борлуулдаг Г гэгчийг илрүүлэн баривчилсан.
Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192.2.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ялаар шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я гэгч нь хамсаатан долоон этгээдийн хамтаар хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэж, бусдад худалдаалж байхыг олж тогтоосон. Эл хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
Яг иймэрхүү хэргийн тохиолдол олширсоор байгаа нь хуулийн байгууллагынхны шүдний өвчин болжээ. Учир нь Монгол Улс зах зээл гэхээсээ илүүтэй дамжин өнгөрөх бүс болж байна гэсэн дүгнэлт бий.
Нөгөөтээгүүр Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоог нарийвчлан гаргаагүй аж. ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудаас 70-90 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгааг л гаргасан байдаг. Хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 79 орчим хувийг 18-34 насны эрэгтэйчүүд эзэлдэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, тээвэрлэлт, борлуулалттай тэмцэхийн тулд иргэдэд нэн тэргүүнд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлагатай гэдгийг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч нар онцолдог.
Хар тамхи хэрэглэдэг 70-90 мянган иргэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц тоон үзүүлэлт гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн энэ сарын эхээр болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдэж байсан.
Тэрбээр, “Бидний явуулсан судалгаагаар нэг хүн хамгийн багадаа найман төрлийн хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид зөвхөн нэг төрлийн бодисоор дагнах бус өөрт олдсоноо л хэрэглэж байгаа юм. Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулна. Түүнчлэн зүү, тариураар дамжуулан бэлгийн замын халдварт өвчин авах, үргүйдэх, ургийн гажиг үүсэх зэргээр олон асуудал гардаг тул цөөн хүн амтай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэсэн юм.
Хар тамхинд донтсон иргэдэд “Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэсэн айдсаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ ч авдаггүй байна. Гэвч хар тамхинд донтсон хүнийг гэмт хэрэгтэн бус өвчтөн гэж үздэг тул баривчлахгүйгээр эрүүл мэндийн тусламж болоод сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг аж. Гэхдээ эдгээр ажлын аль нь ч өнөөдөр тодорхой үр дүнд хүрээгүй нь хууль, эрхзүйн маш цэгцтэй, тодорхой орчин шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Яааралтай илрүүл · 2018/04/19
Рио Тинто оруулж ирээд бнуу? Гадаададын элчингүүд оруулж ирэад бн уу?