Бензины үнэ нэмсэн ААН-үүдийг 500 000 төгрөгөөр торгожээ
2018/04/19
ШӨХТГ-аас 2018 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлaa танилцуулах хэвлэлийн хурал хийлээ. Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, тендэрийн гомдол, архи согтууруулах ундааны үйлчилгээ эрхэлдэг аж ахуй эрхлэгчид болон эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгааны хэрэгжилт, зах худалдааны төв, үйлчилгээний төвүүдэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хуулийн хэрэгжилтэд хяналт тавих томоохон хяналт шалгалтуудыг хийжээ.
2018 оны эхээр ШӨХТГ-т “Автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомлоор хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмэгдсэн талаар иргэдээс ирсэн гомдол ирүүлжээ. Энэ дагуу шатахууны жижиглэнгийн худалдааны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, холбогдох арга хэмжээг авсан гэв.
ШӨХТГ-ын ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийхэд дараах зүйлс илэрсэн байна:
Зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулсан байна.
Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгах, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар ШӨХТГ-аас ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч жижиглэнгийн үнийг нэг литр тутамд орон нутагт 100-150, Улаанбаатар хотод 30-100 хүртэл төгрөгөөр нэмсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул нэр бүхий 10 ААН-ийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгожээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 43 аж ахуй нэгж авч, 1273 шатахуун түгээх станцаар дамжуулан жижиглэнгийн худалдаа эрхэлж байна. Гэвч зургаан аж ахуй нэгж л зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг.
Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд үнийн зохицуулалт хийхэд төрийн болон талуудын оролцоог зохих хуулийн дагуу оновчтой, зөв бүрдүүлэх шаардлага үүссэн. Иймд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.
Нэгдүгээр улиралд ШӨХТГ нэг удаа хуралдаж, 4 багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг кино театр болон орон нутгийн зах, худалдааны төвүүдийн зах зээл дээрх давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоожээ.
ЗОЧИН · 2018/04/21
ЮУНГЭРЭЛИЙН ХҮҮГИЙН НЭГ УДААГИЙН ТАТАХ МАРИХУАНЫ Л МӨНГӨ БАЙНА Ш ДЭЭ.
ahaha · 2018/04/19
500 тэдний нэг удаагийн бөгсөө арчих цаас ш дээ.