Химийн зэвсэг ба Сири...
2018/04/19
Химийн зэвсэг гэж хүн амьтныг хөнөөх хүчин зүйл нь хүчтэй үйлчилгээтэй байлдааны хорт бодисууд дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Энэхүү байлдааны хорт бодисуудад төв мэдрэлийн системийг хөнөөдөг зарин зоман ви-икс табун, арьсаар дамжин хордуулдаг иприт люизит, амьсгал боогдуулдаг фосген дифосген, ерөнхий үйлчилгээтэй синилийн хүчил хлорциан зэрэг бодисууд хамаарах бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд зуу гаруй мянган тонн химийн зэвсэг хэрэглэсний улмаас сая гурван зуун мянган хүн хордож үхсэн.
Өнөөдрийн байдлаар химийн зэвсэгтэй байсан арваад улсын дал гаруй мянган тонн буюу нийт химийн зэвсгийн 98 хувийг НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-ын шинжээчдийн шууд хяналт дор устгасан ба тодруулбал Орос, Ирак, Сири, Ливи зэрэг ихэнх улс 100 хувь устгаж дууссан. Даян дэлхийг аюулт үй олноор хөнөөх зэвсгээс ангижруулах үйлсэд оруулсан хувь нэмрийг дэлхийн хамтын нийгэмлэг үнэлж Нобелийн хорооноос манай байгууллага /OPCW/-д 2013 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртээсэн юм /зураг дээр Нобелийн шагнал/.
Монгол Улсаа төлөөлөн тус байгууллагад олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр генерал Монтойн Хүрлээ, хурандаа Загдын Нармандах, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт /миний бие/ 1997-2016 онд монгол шинжээчдийн залгамж халааг хадгалан тасралтгүй хориод жил, мөн бидэнтэй хамт манай ГХЯ-ны нэртэй дипломатч Догсомын Ганбаатар төлөвлөлтийн офицероор 1998-2008 онд тасралтгүй арван жил ажилласан юм.
Монгол Улс нь ямар нэг химийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг туршиж үйлдвэрлэж эзэмшиж байгаагүй энхийг эрхэмлэгч орон бөгөөд бүх төрлийн зэвсэглэл хорогдуулах олон улсын аливаа санал санаачлага гэрээ хэлэлцээрийг анхнаас нь дэмжиж ирсэн тул монголчууд бид НҮБ-д ажиллахад ихээхэн түлхэц болдог юм.
Сири улс нь 2013 онд өөрт байгаа бүх химийн зэвсгээ Химийн зэвсэг хориглох байгууллагад тоо ёсоор мэдүүлж шинжээчдийн хатуу хяналтын дор хоёр жилийн дотор устгаж дуусгасан. Дайны хажуугаар дажин гэгчээр Сири дэхь хэнд ч захирагддаггүй боевикууд талцагч талууд хаа нэгтээ химийн бодисыг хадгалах үйлдвэрлэх турших хорлон сүйтгэх өдөөн хатгах ажиллагаанд ашиглахгүй байхын баталгаа байхгүй.
Олон улсын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэж гарын үсэг зурж зэвсгээ устгаж дууссан ямар ч улсын тэнэг ч төрийн тэргүүн дахин химийн зэвсэг үйлдвэрлэж ард түмнийхээ толгой дээр химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг хэн хүний ой ухаанд багтамгүй зүйл.
Гэсэн хэдий ч олон улсын конвенцид заасан бүрэн эрх үүрэг мандатынхаа дагуу зэвсгийн шинжээчдийн баг Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирийн Дума хотод хүрэлцэн ирж Сирийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Оросын цэрэг-цагдаагийн хамгаалалтан дор /шинжээчдийн аюулгүй байдлыг хангах талаасаа/ бүх төрлийн нарийн шинжилгээ судалгаа хийн ямар төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байна /зураг дээр шинжээчид Сирид/.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт