МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон гэх Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ нарыг хоёулаа татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгожээ
2018/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.
МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.
Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.
Зочин · 2018/04/21
Зөв ерөнхийлөгч жаахан хатуухан байх хэрэгтэй.Нямдорж цолгүй тэгэхээр Баянааг хэрүүлээ зогсоохгүй бол цолыг нь хураана гэж анхахруулж дээ.
П.Өрнөхбат · 2018/04/20
Энгийн ард миний бие бөхийн тэргүүний ажлыг хийсэн шиг хийнэ. хэ хэ хэ. Ядаж бөхийн найрааг баг,сум,аймгийн наадмыг улс орон даяар нэг өдөр хийдэг ситемт шилжүүлэх хэрэгтэй. аймгийн цолтой бөхчүүд сумын наадамыг, улсын цолтой бөхчүүд аймгийн наадмыг бузарлаж үзэх юмгүй болгож найраа хийх явдлыг эхний ээлжинд таслан зогсоох хэрэгтэй. Сумын начин сая,заан цол нь 10 хонь нэмэх нь нэг сая,аймгийн начин 5,0сая,заан 10,0 сая,арслан нь 15,0 сая болсон нь нууц бишээ. Энэ дархлаа хорт хавдрыг таслан зогсоох явдал хамгийн чухал. Допинг тарианаас болж нийт бөхчүүд 30 нас ч хүрээгүй үс нь халзарсан өвгөн бөхчүүдээс салах цаг болсон. 40 нас ч хүрээгүй өвгөн бөх шиг барилдалгүй элэг бүсээ тайлах явдалыг таслан зогсоох, нутаг нугаараа талцах явдлыг таслан зогсоох хэрэгтэй.Мөн ч их хийх ажил МҮБХолбооны өмнө байна. Тэр бөхийн өргөөг мөнгөний нүхээр харахын оронд бөхийн спортоо хөгжүүлэх 21-р зууны дэвшилт технилоги нэвтрүүлээсэй.