Э.Оюунбилэг: Шүүхийн тамгын газрын хэрэгцээ, шаардлагыг мэдэрч байгаа нь чухал
2018/04/20
Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Оюунбилэгтэй ярилцлаа.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэндийг Танд хүргэе. Шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье.
-Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат. Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар 1999 оны аравдугаар сарын 24-ний өдөр томилогдсоноос хойш шүүхэд 18 жил ажиллажээ. Үүний 16 жилд нь шүүхийн тамгын хэлтэст, тамгын газрын даргаар ажилласандаа бахархаж явдаг.
-Шүүхийн тамгын хэлтсийн даргаар анх томилогдоход Дорноговь аймгийн шүүх ямар байсныг дурсаач.
-Нэг өрөөнд шүүгч, ажилтнууд нийлээд хоёроос дөрвөн хүн суудаг. Өрөө, тасалгаа хүрэлцээгүй ажиллах нөхцөл маш хүнд байлаа. Хоёр ширхэг бичгийн машинтай. Компьютерийн бараа сураггүй байлаа шүү дээ. Ажлаа авсан өдрөөс шүүхээ бэхжүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах боломжийг хайж эхэлсэн. 2000-аад оны үед АНУ-ын төсөл шүүхүүдэд хэрэгжиж, эдийн засгийн хувьд бэхжих боломж гарсан. Ямар ч байсан компьютертэй болж байгаа юм. Г.Тэгшсуурь аймгийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байлаа. Г.Тэгшсуурь шүүгчтэйгээ гар нийлж боловсон хүчнээ маш сайн бүрдүүлсэн. Шүүхийн жижүүрээр дөрвөн хүн ажиллуулахад нэг нь цахилгаан, нөгөө нь мужааны мэргэжилтэй байх жишээтэй. Тухайн үедээ барилгын бригад бүрдүүлж байлаа. Шүүгчийн туслах, нарийн бичгийн даргыг сонгохдоо ажлын туршлагыг нь судалж, хайна. Хоёр сумын тамгын газрын дарга, аудитын газар ажиллаж байсан хүмүүсийг судалж шүүхдээ авч байлаа. МУИС-ийн хуулийн ангийг төгссөн нутгийнхаа боловсон хүчнийг судалж авдаг байв.
Шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байхад зарлан дуудах хуудсаа хувилах хувилагч машин байхгүй, аймгийн татварын хэлтэс рүү бариад гүйдэг байлаа шүү дээ. Хувилагч машин ашигласны хөлсөнд нь боодол цаас өгөх жишээтэй.
-АНУ-ын төслөөр компьютер, ширээ сандалтай болж байсныг сонссон. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн тамгын газруудаа хэр дэмжиж, ажиллах нөхцөл боломжоор хангаж байсан бэ?
-Шүүхийн ерөнхий зөвлөл Хууль зүйн сайдын харьяанд байсан үе. Хууль зүйн сайд Д.Ганболд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хийж байх үед цөөнгүй шүүхийн албан конторыг бэхжүүлж өгсний дотор Дорноговь аймгийн шүүх маань багтлаа. Дампуурсан банкны барилгуудыг блансаас блансад шилжүүлж шүүхэд өгсөн үе шүү дээ. Ингэж орон байртай болж байсан түүх бий. Гэхдээ шүүхийн захиргааны төв байгууллага Хууль зүйн яамны харьяанд байх бас шүүхэд зөрчилтэй байсан.
-Яагаад?
-Шүүх намын харьяанд орчихож байгаа хэрэг. Төсөв хөрөнгөө батлуулахад улс төрийн дэмжлэг авдаг ч олонх болсон намын харьяанд шүүх засаглал орчих гээд байдаг тал байсан. Шүүхийн хараат бус байдал алдагдах эрсдэл байсан учраас шүүхийн захиргааны төв байгууллагыг Улсын Дээд шүүхийн харьяанд оруулсан шүү дээ.
-Шүүхийн ерөнхий зөвлөл Дээд шүүхийн харьяанд байхад шүүхийн тамгын газар шүүн таслах ажиллагааг хангах боломж хэр байв?
-Дээд шүүхээс шүүгчдийнхээ асуудалд нэлээдгүй анхаардаг байсан. Гэхдээ шүүхийн тамгын газрын өдөр тутмын асуудал, тулгардаг бэрхшээлд тэр бүр хүрч чадахгүй. Шүүгч хүн шүүн таслах ажлаа илүүтэй мэдэхээс аж ахуйн асуудалд төдийлөн оролцож чаддаггүй бэрхшээл байсан.
-Харин шүүхийн шинэтгэл эхэлснээр Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан ажиллаж байгаа шүү дээ. Шүүхийн захиргааны байгууллагын энэ тогтолцоо хэр оновчтой бол?
-Шүүхийн шинэтгэл хэрэгжиж, Шүүхийн тухай багц хууль хэрэгжсэнээр шүүхийн захиргааны байгууллага бие дааж ажиллах боломж бүрдсэн. Шүүх засаглалд маш чухал шинэчлэл хийсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж ажилласнаар шүүхийн тамгын газруудын ажиллах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн гэж үздэг. Шүүн таслах ажлыг тасралтгүй, хэвийн явуулах, шүүхийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлэх боломж бүрэн утгаараа хэрэгжиж байна. Шүүхийн захиргааны төв байгууллага нь бие даасан статустай байгаа нь дэлхийн жижиг.
Шүүхийн тамгын газрын хэрэгцээ, шаардлагыг төв байгууллага нь мэдэрч ажиллаж байгаа нь хамгийн чухал. Сан, усны асуудал байнга гардаг учраас сантехникчийн орон тоог баталж өгөх жишээтэй.
Харин шүүгчид зөвхөн шүүн таслах ажлаа л хариуцаж байгаа шүү дээ. Шүүн таслах ажил, захиргаа аж ахуйн ажлыг ялгаж өгсөн нь шүүх засаглалд маш том дэвшил.
Шүүхийн захиргааны төв байгууллага Хууль зүйн яам, Дээд шүүхийн харьяанд байж үзлээ. Хамгийн дэвшилтэй хувилбар нь Шүүхийн ерөнхий зөвлөл бие даасан байгууллага болох нь шинэтгэлийн үр дүнгээс харагдаж байна. Үүнийгээ улам бүр хөгжүүлж, шүүх засаглал төгөлдөршинө гэж итгэж байгаа.
-Шүүхийн шинэтгэлийн арван үр дүн гарсан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэтгэлийн хугацаанд Монголын шүүхэд түүхэн гэж тэмдэглэж болохоор их ажил хийсэн нь шүүхэд ажиллаж байсан хүний хувьд мэдрэгддэг. Тахарын алба шүүгчийн хараат бус байдлыг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өмнө нь цагдаагийн байгууллагаас ганц алба хаагч шүүхэд гэрээгээр ажилладаг. Өглөөд цагдаагийнхаа сонсголд суугаад ирэхгүй. Шүүн таслах ажиллагааг явуулахад маш бэрхшээлтэй байсан. Тахарын албыг татан буулгасан ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цагдаагийн байгууллагад байнга шаардлага тавьж, нэхэж сануулж байгаа учраас алба хаагчид хариуцлагатай байгааг сонссон.
Шүүх шүүн таслах байгууллагаас үйлчилгээний байгууллага болж төлөвшиж буй нь бас шинэтгэлийн үр дүн. Иргэд шүүхээс айдаг, асуудлаа шийдүүлэхээс ичиж зовдог үе байсан. Харин шүүх үүдээ нээж, иргэдэд үйлчлэх танхим бий болгосноор хүмүүс чөлөөтэй орж гардаг болсон нь орон нутагт ажиглагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.